Форбес сэтгүүлийн мэдээлснээр реппер Жэй Зигийн хөрөнгө нэг тэрбум долларт хүрсэн байна.

Түүний хөрөнгөд 75 сая долларын уран бүтээлийн эрх, Armand de Brignac оргилуун дарс, D'Usse конъякны компаний 410 сая долларын хувьцаа, Uber тээврийн компаний 70 сая долларын хувьцаа, Нью-Йорк, Лос Анжелес муж дахь үл хөдлөх хөрөнгө, Tidal сайтын 100 сая долларын хувьцаа, 50 сая долларын урлагийн бүтээлийн цуглуулга багтжээ.

Харин түүний эхнэр, дуучин Бейонсигийн хөрөнгө 335 сая долларт хүрсэн байна. Өдгөө 49 настай Жэй Зи буюу Шон Картер нь Нью-Йоркийн хамгийн аюултай гэх Бруклин хотод өссөн бөгөөд 1996 онд Reasonable Doubt гэх анхны цомгоо гаргасан юм.

Түүний 2001 онд гаргасан The Blueprint цомгийг соёл, түүх, урлагийн онцгой бүтээл гэж үзээд Америкийн конгрессын уран бүтээлийн бүртгэлийн газрын номын санд хадгалжээ.

Реппер Dr Dre 2014 онд Beats чихэвчийн брэндээ Apple-д зарснаар тэрбумтан болсон гэдэг ч өнгөрсөн онд түүний хөрөнгө 770 сая доллар байгааг Форбес сэтгүүл зарласан байна.

Эх сурвалж: BBC, CNN