УИХ-ын чуулганаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийг хэлэлцэж баталлаа. Энэхүү хууль батлагдсанаар бичил ААН-ийн орлогын албан татвар салбар харгалзахгүйгээр нэг хувь болж байна.

Мөн уг хуулийн үйлчлэлд хамаарч байгаа аж ахуйн нэгжүүд санхүүгийн тайлангаа жилд нэг удаа хялбаршуулсан байдлаар гаргадаг болно. Түүнчлэн жил бүрийн улсын төсвийн хөрөнгө оруулалтын 10 хувиас доошгүй мөнгөн хөрөнгийг жижиг, дунд бизнес эрхлэхэд зориулж ЖДҮ-г хөгжүүлэх санд төвлөрүүлэхээр зохицуулсан байна.

Хуульд борлуулалтын орлогын хэмжээг 2.5 тэрбум хүртэл нэмэгдүүлэн тусгасан ба хөнгөлөлттэй зээл, батлан даалт, хүүгийн хөнгөлөлт, зээлийн хүүгийн татаас, лизинг, татварын хөнгөлөлт, бизнесийн зөвлөх үйлчилгээ, экспорт зэргээр ЖДҮ эрхлэгчийг дэмжих дэмжлэгийн хэлбэрийг нэмэгдүүлжээ.

Үүнээс гадна бичил үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдэд 300 хүртэл сая, жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум хүртэл төгрөгийн зээлийг сангаас, дунд үйлдвэр эрхлэгчдэд 1-2.5 тэрбум төгрөгийн зээлийг банкаар дамжуулан олгохоор болсон байна.

Албаныхан энэхүү хууль батлагдсанаар жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын чиг үүрэг, эрхлэх асуудал зохистой төвшинд хүрч, чиг үүргээ хараат бусаар бие даан хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.

Сануулбал, ЖДҮ-ийг хөгжүүлэх сан өнгөрсөн онд 233 иргэн ААН-д 96.2 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Мөн тус сан 280 орчим тэрбум төгрөгийн авлага, 90 гаруй тэрбумын өглөгтэй байгаа юм.

Харин он гарсаар 50 орчим тэрбум төгрөгийн авлагыг барагдуулсан ба төрийн өндөр албан тушаалтантай холбоотой 34 ААН-ийн 19.7 тэрбум төгрөгийн зээл байгаагийн 12.9 тэрбум нь төлөгджээ.