Бид тоймлоё, Та унш

2019.04.09 Мягмар                                6°C   2,631.30  Бие эрхтний хүч сайжирна

Чухлыг тоймлоё


Капитал банк дампуурлаа зарлалаа

Тус банк нь сүүлийн 5 жилд алдагдалтай ажилласан учир Монголбанк албадан татан буулгах тушаал гаргалаа. Капитал банк нь 1990 онд байгуулагдсан ба хувьцааных нь 99.97%-г Бишрэлт групп эзэмшдэг байжээ. Одоогоор тус банкийг улс авах эсэх нь тодорхойгүй байгаа ба Хаан банк худалдаж авна гэх албан бус мэдээлэл гараад байна.

Банкны харилцагчид яах вэ?

Хэрэв ₮20 сая хүртэлх хадгаламжтай бол Хаан банкнаас, ₮20 саяас дээш хадгаламжтай бол үлдэгдэл мөнгөө банкны эрх хүлээн авагч буюу Монголбанкны хяналт шалгалтын хэлтсийн захирал М.Адилбишээс нэхэмжлэх гэнэ. Зээлдэгч нарын хувьд төлдөг дансандаа хуваарийн дагуу зээл болон хүүгийн төлбөрийг төлөх юм.

Төр хүртэл хохиров

Тус банканд нийгмийн даатгал, халамж зэргийн ₮400 орчим тэрбумын Улсын мөнгө байсан гэнэ. Уг мөнгийг хадгаламж эзэмшигчдийн мөнгийг олгож дууссаны дараа авна гэж мэдэгдсэн ч дампуурсан Капиталд үүнийг төлөх чадвар байхгүй гэж Д.Дамба-Очир гишүүн хэлсэн юм. Энэ бүхний хариуцлагыг банкны эздэд хүлээлгэнэ гэсэн ч хэнд, хэрхэн, яаж гэдэг нь тодорхойгүй байна.

ЖДҮ-н дуулиан ба Капиталын дампуурал

Эрх бүхий албан тушаалтнууд ЖДҮ-г хөгжүүлэх сангаас хууль зөрчин зээл авсан хэрэг ил болж 4 гишүүн яллагдагчаар татагдсан юм. Үүний нэг нь Б.Ундармаа гишүүн бөгөөд өөрийн хамаарал бүхий Капитал банкинд ₮48 тэрбум, сонгон шалгаруулалтаас хасагдсан Доктор МЕЙК компанид ₮800 саяын зээл авсан байна. Ийнхүү ЖДҮ-с үүдэлтэй дуулиан, санхүүгийн хямрал зэргээс үүдэн 29 жилийн түүхтэй Капитал банк татан буугдлаа.


Тогны үнэ нэмэгдлээ

Айл өрхийн цахилгааны тариф 4/7-с эхлэн ₮3-р нэмэгдсэн байна. Учир нь эрчим хүчний үнэ 2015 оноос хойш өөрчлөгдөөгүй ба энэ хугацаанд цахилгааны тарифт нөлөөлдөг нүүрсний үнэ 40%, тээврийн зардал 10%, мазутын үнэ 31.8%, валют 31.6%-р өсжээ. Мөн одоогийн бидний хэрэглэж буй цахилгааны үнэ бодит өртгөөсөө 25%, дулааны эрчим хүч 2 дахин хямд байгаа нь тус салбарын ЭЗ-ийн алдагдлын гол шалтгаан болсон гэнэ.


Тайландад зорчиход нэмэлт материал шаардлагатай

Манай улсын иргэд Тайландад хулгайн хэрэгт холбогдох болсноор тус улс руу зорчиж буй иргэдээс нэмэлт материал авна гэж Бангкок дахь ЭСЯ мэдэгдлээ. Үүнд нэмэлт анкет, биедээ авч яваа бэлэн мөнгө, зээлийн картын мэдээлэл зэрэг багтах гэнэ. Манай улсын 3 иргэн Тайландын галт тэргэнд зорчиж явсан Словакын жуулчны түрүүвчийг хулгайлсан хэрэг өнгөрсөн сард гарсан юм. Мөн 8-р сард манай улсын өөр 3 иргэд Тайландын жуулчдын бүсээс 300 мянган бат хулгайлжээ.


Зам хааж, иргэдийг нүүлгэнэ

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтыг 4/24-26-нд орон даяар явуулна. Үүнтэй холбоотойгоор 25-нд УБ доторх болон хот руу орох, гарах замын хөдөлгөөнийг 07:00-10:00 цагт бүрэн зогсооно. Учир нь энэ үеэр заасан газруудад иргэдийг нүүлгэн шилжүүлэх ба 25-нд ажил, цэцэрлэг, сургууль 10:00 цагаас эхлэх гэнэ. Уг сургалт нь газар хөдлөлтөөс сэргийлэх, бэлэн байдлыг хангах зорилготой ба сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн гамшгийн эрсдэл 2 дахин нэмэгдсэн юм.


Халуун чинжүү уушгины хорт хавдарт тустай

Халуун чинжүүний капсаицин гэх химийн нэгдэл нь уушгины хорт хавдрыг үсэрхийлэхээс сэргийлдэг гэдгийг Америкийн эрдэмтэд тогтоожээ. Ихэнх хорт хавдар тархи, элэг, ясанд үсэрхийлсэн тохиолдолд эмчлэгдэх боломжгүй болж үхэлд хүргэдэг байна. Харин халуу ногоо ихээр хэрэглэдэг Тайланд, Энэтхэг зэрэг оронд уушгины хорт хавдрын эрсдэл бага байдаг гэнэ. Иймд халуун чинжүү ашиглан хорт хавдрын тархалтыг зогсоох эм, тариа бүтээх боломжтой гэж эрдэмтэд үзжээ.

Таны сонорт


Image result for lamp iconУрсгал засвартай холбоотойгоор өнөөдөр цахилгаан хязгаарлах газрууд.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр