ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлийн хүсэлтийг иргэд ААН-ээс өнгөрсөн тавдугаар сарын 27-оос зургадугаар сарын 10-ны хооронд хүлээн авсан юм. Энэ хугацаанд тус сангаас зээл авахаар нийт 1411 иргэн, ААН хандсан байна.

Харин эдгээр ААН-дийн 534 нь эхний шатанд тэнцэж, 47 иргэн ААН-ийн төсөл сонгон шалгаруулалтын урьдчилсан шатнаас 70-аас оноо авч шалгарчээ. Эдгээр ААН-д зээл олгох эсэхийг Төсөл сонгон шалгаруулах хорооны өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэх юм. 

Уг хорооны сонгон шалгаруулалтыг шинэ журамд зааснаар нээлттэй ил тод явуулах үүднээс шууд дамжуулж байна. Хорооны шатанд шилжүүсэн нийт 47 төслийг салбараар ангилан авч үзвэл боловсруулах үйлдвэрлэл 78.5 хувь, ХАА, ойн аж ахуйн салбар 12.5 хувь, бөөний худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлал, нийтийн хоолны үйлчилгээ есөн хувийг эзэлж байгаа юм. 

Мөн төслийн урьдчилсан судалгааг хийхдээ үр өгөөж, барьцаа хөрөнгө, тухайн салбарын төлөв байдал, ажлын байр бий болгох, төслийн эдийн засгийн тооцооллыг олон улсын зээлийн шинжилгээний арга, аргачлал, рейтингийн үнэлгээг ашиглан нийт 15 үзүүлэлт бүхий 100 хүртэл онооны системээр үнэлжээ.

Түүнчлэн ЖДҮ-ийн тэргүүлэх ач холбогдол бүхий импортыг орлох, экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, шинэ ажлын байр бий болгох төслүүд дараагийн шатанд тэнцсэн гэдгийг ХХААХҮЯ-аас мэдээллээ.

Дашрамд дурдахад, ЖДҮ-ийн хөгжүүлэх сангийн шинэчилсэн журмаар сангаас шууд олгох зээлийн хэмжээг 20-300 сая төгрөг, арилжааны банкаар дамжуулан олгох зээлийн хэмжээг орон нутагт 20-200 сая төгрөг, Улаанбаатарт 300 сая төгрөгөөс нэг тэрбум хүртэл олгохоор тогтоосон юм.