ЖДҮ-ийн хөгжүүлэх сангийн шинэчилсэн журмаар тус сангийн зээлийг арилжааны банк болон өөрийн сангаар дамжуулан олгохоор болжээ. Мөн төсөл сонгох, зээл олгох зарим эрхийг орон нутагт шилжүүлж, ХХААХҮЯ-ны сайдын тушаалаар зээл олгодог байдлыг зогсоосон байна.

Түүнчлэн энэ оны төсөл хүлээн авах хугацааг энэ сарын 27-оос зургадугаар сарын 10 хооронд хүлээн авахаар товлосон бөгөөд энэ жил нийт  47 тэрбум төгрөгийг тус санд тусгажээ.

Ингэхдээ шинэчлэгдсэн журмаар төсөл сонгох, зээл олгох зарим эрхийг орон нутаг шилжүүлсэн бөгөөд дээрх төсвийн 20.5 тэрбумыг орон нутаг шилжүүлсэн бол үлдсэнийг нь арилжааны банк, сангаар дамжуулан иргэдэд олгох юм.

Шинэчилсэн журмаар тус сангийн сангийн үйл ажиллагааг ил тод болгох, хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байхад чиглэсэн хэд хэдэн шинэ журмуудыг тусгасан бөгөөд онцлох заалтуудыг дурдъя. Үүнд:

  • Төрийн өндөр албан тушаалтан, гэр бүлийн гишүүдийн хувьцаа эзэмшдэг компаниудыг төсөлд оролцуулахгүй байх,
  • Төсөл сонгохдоо олон нийт, хэвлэл мэдээллээр нээлттэй явуулах,
  • Зээл авсан хүний овог, нэр, ААН нэр, регистр, төсөл, үйл ажиллагааны чиглэл зэргийг цахим хуудсаар мэдээлэх,
  • Төсөл сонгох хороог долоон гишүүнтэй байгуулснаас, дөрвөн гишүүн нь ЖДҮ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах ТББ-ын төлөөлөл байна,
  • Зээлийн зарим эх үүсвэр, төсөл сонгох эрхийг орон нутагт шилжүүлсэн,
  • Төрийн сангуудад муу зээлтэй, зээлийн үлдэгдэлтэй иргэн, ААН-ийг зээлд хамруулахгүй,
  • Банкаар олгох журмыг нарийвчлан тусгаж, үйлдвэр эрхлэгчдэд илүү ойр болгосон,
  • ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас шууд зээл олгох тохиолдолд заавал даатгалд хамруулах,
  • ЖДҮ-ийг хөгжүүлэх сан 20 саяас нэг тэрбум хүртэлх төгрөгийн төсөл, орон нутаг 20 саяас 200 сая хүртэлх төгрөгийн төсөл хүлээн авахаар журамд тусгажээ.

Дашрамд дурдахад, ЖДҮ-ийг хөгжүүлэх сан өнгөрсөн онд 233 иргэн ААН-д 96.2 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Мөн тус сан 280 орчим тэрбум төгрөгийн авлага, 90 гаруй тэрбумын өглөгтэй байгаа юм.

Харин он гарсаар 50 орчим тэрбум төгрөгийн авлагыг барагдуулсан ба төрийн өндөр албан тушаалтантай холбоотой 34 ААН-ийн 19.7 тэрбум төгрөгийн зээл байгаагийн 12.9 тэрбум нь төлөгджээ.