Баялаг бүтээгчдийн холбооноос ЖДҮХС-тай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд сүүлийн үед УИХ-ын даргын асуудал, төрийн тогтворгүй байдлаас үүдэн ЖДҮХС-ын хэрэг, хариуцлага тооцох асуудал, зээлийн эргэн төлөлт зэрэг цалгардаж байгаа гэлээ.

Иймд энэ асуудлаар ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гомдол хүргүүлсэн байна. ЖДҮХС-аас Засгийн газрын сайд, гишүүд, яам агентлагийн дарга зэрэг 24 хүн 90 гаруй тэрбум төгрөгийн зээл авсан нь нотлогдсон ч эргэн төлөлт одоогоор 30 гаруй тэрбум байгаа гэнэ. Сангийн яамнаас эргэн төлөлтийн мөнгөнөөс Засгийн газрын бонд нэрээр 19.8 тэрбумыг нь авсан тул лавлагаа авахаар Сангийн яаманд хандсан байна.

Одоогоор авсан зээлээ УИХ-ын гишүүн Г.Солтан, Н.Учрал, Б.Ундармаа, Я.Содбаатар Н.Оюундарь, Ж.Энхбаяр нар бүрэн төлсөн байна. Мөн Н.Наранхүү нарын зарим гишүүд төлсөн гэж байгаа ч шилэн дансаар төлсөн баримт харагдахгүй байгаа ба А.Сүхбат, О.Батнасан зэрэг гишүүд мөн ЕС-ын төрсөн дүү У.Жаргалбаяр тэргүүтэй хүмүүс хагас зээлээ төлсөн гэнэ.

Харин ажил үүргээсээ чөлөөлөгдсөн агентлагийн дарга нарын нэг нь ч зээлээ эргүүлэн төлөөгүй байгааг Баялаг бүтээгчдийн холбооноос мэдэгдлээ.

Түүнчлэн Капитал банк ЖДҮХС төлөх ёстой 46 тэрбум төгрөгөө одоог хүртэл төлөхгүй Сангийн яамтай нууц гэрээ хийж улсад хохирол учруулж байгаа тул гэрээг цуцалж өгөхийг Ерөнхий сайдаас хүсч, АТГ-т шалгуулахаар өгчээ.

Баялаг бүтээгчдийн холбооны тэргүүн Б.Батдэлгэрийн мэдээлж буйгаар тус банк 2011 онд ЖДҮХС-ийн 46 тэрбум төгрөгийг таван жилийн хугацаанд банкаараа дамжуулан олгох гэрээ хийжээ. Гэвч уг гэрээ 2016 онд дууссан ч одоог хүртэл зээлээ эргэн төлөөгүй, гэрээнд заасны дагуу дээрх мөнгөний алдангийг өдрийн 0.5 хувийн хүүгээр бодож төлөх ёстой байна.  

Гэвч 2017.10.10-нд Сангийн яамтай нууц гэрээ хийж, хүүгийн алдангийг 0.014 хувиар тооцон төлж үндсэн зээлээ одоог хүртэл төлөөгүй хэвээр байгаа гэлээ. Алдангийг 0.5 хувиар тооцвол 13 гаруй тэрбум төгрөг болох байсан ч 2017 оны гэрээгээр 1.2 тэрбумаар тооцон төлсөн зэрэг баримтууд байгаа гэдгийг тэрээр хэллээ.

Энэ мэт асуудлуудыг цэгцэлж ЖДҮХС-ийн зээлийн журмыг шинэчлэн баталж, үйлдвэр эрхлэгчдэдээ яаралтай олгож эхлэхийг Баялаг бүтээгчдийн холбоо болоод ЖДҮ эрхлэгчид хэллээ.

Дашрамд дурдахад, Засгийн газраас энэ оны төсөвт ЖДҮХС-д энэ онд 47 тэрбум төгрөг төсөвлөсөн юм.