ЖДҮ-ийн хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авсан гэх УИХ-ын гишүүд төрийн томчуудын дуулиан намжаагүй байгаа ч ирэх оны төсөвт тус санд 47 тэрбум төгрөгийг нэмэлтээр тусгажээ.

Ялангуяа УИХ-ын гишүүдийн ойр дотны хамаарал бүхий хүмүүс зээл авсан нь илэрч нэмэгдэх хандлагатай болоод байна. Хамгийн сүүлд гэхэд УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хүү болон гишүүн О.Батнасангийн төрсөн дүү О.Ганбаатар нар тус сангаас зээл авсан нь хэвлэл мэдээллээр ил болоод байгаа юм.

Харин тэд “Үүнд ямар нэг албан тушаалын нөлөө үзүүлээгүй, зохих журмын дагуу авсан” зэргээр тайлбар хэлээд буй. Одоогийн байдлаар УИХ-ын зургаан гишүүн, төрийн хоёр албан тушаалтан зээл авсан нь баримтаар нотлогдон, АТГ-т шалгагдаж байна.

Тодруулбал, ЗТХЯ-ны сайд Я.Содбаатар, ХХААХҮЯ-ны сайд Б.Батзориг, УИХ-ын гишүүн Г.Солтан, Х.Болорчулуун, Ж.Энхбаяр, Н.Учралын аав, барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар нар 950 саяас хоёр тэрбум хүртэл төгрөгийн зээл авсан нь батлагдсан юм.

Тус сангийн зээл очих ёстой эзэндээ бус томчуудын халаасанд орсон нь ил болж, дуулиан тариад буй энэ үед дахин 47 тэрбум төгрөг тусгасан нь олон нийтэд эргэлзээ, шүүмжлэлийг дагуулах нь дамжиггүй юм. Тэр тусмаа ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээл олгох журамд хэрхэн өөрчлөлт оруулах нь эцэслэн шийдэгдээгүй байгаа.

Харин энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодруулахад “Засгийн газар төсөв боловсруулахдаа уг санд нэг ч төгрөг төсөвлөөгүй. Харин хэлэлцүүлгийн явцад гишүүд мөнгө суулгасан байх. Энэ сангийн асуудлыг цэгцлээд зөв голдрилд нь оруулчхаад цааш үргэлжлүүлэх ёстой гэдэг бодлогыг У.Хүрэлсүхийн Засгийн газар баримталж ирсэн” гэх тайлбар хэллээ.

Очих ёстой эздэдээ “мөрөөдлийн зээл” гэгддэг нэртэй болчихсон ЖДҮ-ийн зээлийг дахин олгохын тулд зээл сонгон шалгаруулах, олгох журамд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатайг хэн хүнгүй хэлж байгаа юм.

Ялангуяа ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийг банкаар дамжуулан олгож, зээлийн хөнгөлөлтийг Зээлийн батлан даалтын сангаас үзүүлдэг болох саналыг зарим гишүүд хэлж буй. Уг санал энэ зээлийг эзэнд нь ойртуулахад төхөм болох оновчтой шийдвэрүүдийн нэг байж болох талтай. Мэдээж банканд шилжсэнээр зээл олгох шалгуур үзүүлэлт хатуу журамд орох ч, эргээд хяналтын тогтолцоо нь сайжрах сайн тал байгаа юм.