Өсвөр насны охидын жирэмслэлт ихсэж, төрөлт залуужиж байгаа гэдгийг албаныхны зүгээс хэлдэг. Тиймээс өсвөр насны охидын жирэмслэлт, сөрөг үр дагаврын талаар Гүнж төвийн хөгжлийн ажилтан Б.Гэрэлтуяатай ярилцлаа.

Өсвөр насны охид жирэмслэх нь нэмэгдэж байгаа гэх мэдээлэл байна. Энэ хэр бодитой вэ?

Статистикаас харвал нэг их өссөн дүн байхгүй. Хамгийн сүүлд 2014 онд 300 орчим тоогоор өссөн байдаг. Үүнээс хойш жилд дунджаар 3500 орчим өсвөр насныхан буюу 20-с доош насны охид төрж байна. Энэ тоо 100 дотроо өсөж буурсан үзүүлэлттэй байгаа. Жишээлбэл, 2017 онд 3589 орчим өсвөр насныхан төрсөн байна. Ерөнхийдөө манай улсад охидын талаар судалгаа ховор байдаг. Төрийн бус байгууллагад хүний нөөц, санхүүгийн нөөц боломж хомс учраас үндэсний хэмжээний том судалгаа хийх боломжгүй байна.

Өсвөр насныхан хүчирхийлэлд өртөх, жирэмслэлтээс хамгаалах мэдлэггүй зэрэг олон шалтгаанаас болж бие давхар болж байна. Тэгэхээр өсвөр насныхны жирэмслэлтийн хэчнээн хувь нь хүсээгүй жирэмслэлтэд өртдөг вэ?

Яг тийм тоо мэдээ байхгүй. Манай байгууллагын хувьд өсвөр насны охидод нийгмийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Энэ хүрээнд үйлчлүүлэгчдийнхээ дунд чанарын судалгаа авдаг. Үүнээс үзэхэд дийлэнх охидууд энэ талын мэдлэггүй, жирэмслэлтээс хамгаалах аргыг мэдэхгүй, ҮГҮЙ гэж хэлж сураагүй байгаа нь ажиглагддаг. Мэдээж хүчирхийлэлд өртөөд жирэмсэн болсон тохиолдлууд байгаа. Гэхдээ дийлэнх нь мэдлэг, мэдээлэл байхгүйгээс үүдэн жирэмсэлсэн байдаг. Энэ нь ЕБС-ийн эрүүл мэндийн хичээлийг шинжлэх ухаанд суурилсан, бодитой байдлаар хүүхдүүдэд хүргэж чадахгүй байгаатай холбоотой.

Эмэгтэй хүн өсвөр насандаа жирэмсэн болсноор хожим нь ямар сөрөг үр дагаврууд гарч болох вэ?

Өсвөр насны охид жирэмсэн болсноо мэдээд айж, хаана хандахаа мэдэхгүй байсаар нуудаг. Ингээд аргагүй байдалд орж эцэг эхдээ хэлэхэд тэдний дийлэнх нь “Жоохон байхдаа жирэмсэн боллоо” гэх сэтгэл санааны дайралт, дарамт үзүүлдэг. Ингэснээр хүүхэд өөрийгөө буруутгаж, өөртөө итгэх итгэлгүй болж, нийгмээс өөрийгөө тусгаарлан хүсэл мөрөөдлөө алдаж, үе тэнгийнхнээсээ ичнэ. Мөн хүүхэд төрүүлж өсгөх хугацаанд сургууль завсардах, ялгаварлан гадуурхалтад өртөнө. Эдгээр нь эцсийн дүндээ чанаргүй хүн амыг өсгөж, ажил, мэргэжилгүй, ядуу давхаргыг бий болгох эрсдэлтэй. Яагаад гэвэл тухайн ээж өөрөө хэдэн насны боловсролтой билээ. Багаасаа хэцүү, боловсролгүй орчинд өссөн хүүхэд том болоод чадварлаг боловсон хүчин болно гэдэг нь эргэлзээтэй.

Үр хөндөлт хийлгэж буй хүмүүсийн 20 гаруй хувь нь 15-24 насныхан байдаг гэх судалгаа бий. Гэвч үр хөндөлт асар их сөрөг үр дагаврыг дагуулж байдаг. Тиймээс үр хөндөлтөөс хэрхэн сэргийлэх вэ?

Өсвөр нас бол маш чухал үе. Энэ үед нь эцэг эхчүүд хүүхэдтэйгээ найз шиг нь ярилцаж, зөв чиглүүлэхгүй бол аливаа зүйлд уруу татагдаж буруу сонголт хийх магадлал өндөр байдаг. Гэвч өнөөгийн нийгэмд эцэг эхчүүд зөвлөгч биш зааварлагч байгаа нь том асуудал. Төлөвлөөгүй байж байгаад жирэмсэлсэн тохиолдолд хамгийн эхэнд айна. Энэ бол өсвөр насны онцлог. Ингээд яахаа мэдэхгүй явсаар дийлэнх нь үр хөндөлт хийлгэх хугацааг оройтуулсан байдаг. Зарим эцэг эхийн хувьд үр хөндөлт хийлгэх гэж хүүхдээ хүчээр эмнэлэгт авч очсон тохиолдлууд ч бий.

Эцэг эх нь байнгын хэрүүлтэй, гэр бүлээс гадуурх харилцаатай, хүчирхийлэлтэй орчин хүүхэд буруу замаар ороход нөлөөлнө гэж сэтгэл судлаачид хэлдэг. Тэгэхээр өсвөр насны охидын жирэмслэлтэд эцэг эх тодорхой хэмжээнд буруутай юу?

Тийм. Гэр бүлийн тогтворгүй байдал хүүхдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлнө. Үүнээс болж өсвөр насны охид эрсдэлт бүлэг рүү шилжих тохиолдлууд олон байна. Хүүхэд тогтворгүй уур амьсгалтай гэр бүлд очихоос зайлсхийж гадуур цагийг өнгөрөөснөөр буруу замыг сонгох магадлал өндөр байдаг. Жишээ нь, өнгөрсөн жил манайхаар үйлчлүүлсэн 16 настай охиныг ээж, аав нь орхиод явчихсан эрэгтэй дүүтэйгээ айл айлаар хэсэж амьдарч байсан. Энэ үеэр нь гэр бүлийн хүмүүсийн зүгээс бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг завдсан тохиолдлууд гарсан байгаа юм. Ингээд тухайн охин нэг хөвгүүнтэй үерхэж байгаад жирэмсэн болсон. Энэ мэт ганцхан жишээн дээр өсвөр насны охин гэр бүлийн тогтворгүй байдлаас болж жирэмсэлсэн байхад далд хэлбэрээр зөндөө бий.

Танай төвд жилд дунджаар жирэмсэн болсон өсвөр насны хэчнээн охид ханддаг вэ?

Жилд 30-50 орчим. Эдгээрийн дийлэнх нь сургууль болон хорооны нийгмийн ажилтан, манайхтай хамтарч ажилладаг байгууллагуудаар зуучлагдан ирдэг. Манайхаар үйлчлүүлсэн охидын хамгийн бага нь 12 настай байсан. Гэтэл төр засгийн зүгээс хүүхэд төрүүлсэн охидод чиглэсэн ажлыг төдийлөн хийхгүй байна. Яагаад гэвэл 20-с доош насных учраас хүүхдийн тоонд орж “Хүүхдийн эрх” гэх байдлаар төрийн үйлчилгээг авч байна.

Таныхаар өсвөр насны охидын жирэмслэлтийн тоог буруулахын тулд төр засаг болон Төрийн бус байгууллагын зүгээс ямар ажил хийх ёстой вэ?

Хамгийн энгийн нь боловсролын системийг сайжруулах. Төрийн бус байгууллагын хувьд Монгол улсын хэмжээнд ямар нэгэн үйл ажиллагаа явуулж чадахгүй. Тэгэхээр улс орон даяар хамгийн хүртээмжтэй хүргэх ажил нь эрүүл мэндийн хичээлээр дамжуулан өсвөр насны охидын мэдлэгийг сайжруулах юм. Гэвч эрүүл мэндийн хичээл төдийлөн үр дүнгүй байна. Охид хөвгүүдийн ичдэг насан дээр нэг ангид хамт суулгаад хичээл заахаар юун тэрийг ойлгох. Нэг нэгнээсээ ичсээр байгаад л хичээлийн цаг дуусна. Тиймээс охид хөвгүүдээр нь хуваагаад эрүүл мэндийн талаарх мэдлэгийг хандлага болгон хэвшүүлэх шаардлагатай. Мөн багш боловсон хүчнийг чадавхжуулах хэрэгтэй. Жирэмсний тестийг яаж хэрэглэхээ ч мэдэхгүй охидууд олон байна. Манайд хандаж байсан нэг охин жирэмсэн гэдгээ мэдэлгүйгээр таван сар гарантай болсон байсан. Нэг өдөр гэдсэн дотор нь юм хөдлөхөөр гайхаад эмнэлэгт үзүүлтэл жирэмсэн болсноо мэдсэн байгаа юм. Энэ мэтчилэн охидын эрүүл мэндийн боловсрол маш муу байна. Гэхдээ үүнд зөвхөн охидыг буруутгах аргагүй. Ганцаараа байж байгаад жирэмсэн болно гэж байхгүй. Гэтэл хүмүүс шууд охидыг буруутгаж, “замбараагүй, явдалтай” гэх мэтээр ханддаг.

Тэгвэл нэгэнт хүүхдээ төрүүлсэн өсвөр насны охидод чиглэсэн ямар ажил хийх шаардлагатай байна вэ?

Эргээд сургуульдаа сурах нь хамгийн чухал. Өсвөр насандаа хүүхэд төрүүлсэн охидын эргээд сурах асуудал их бүрхэг байдаг. Үүн дээр нэг жишээ дурдахад, Улсын сургуульд сурч байсан охин жирэмсэн болсон байгаа юм. Гэвч сургуулийн захирал “чи жирэмсэн болсон байна. Энэ чинь бусад хүүхдэд буруу үлгэр дуурайлал үзүүлнэ” гээд сургуулиас нь хөөсөн тохиолдол байгаа. Манай байгууллагын зүгээс холбогдох хууль тогтоомжийг судлахад жирэмсэн болсон хүүхдийг хөөнө гэх заалт байгаагүй ч тухайн сургууль тэр охиныг авахгүй гэх шийдвэр гаргасан. Одоо тэр охин өөр сургуульд сурч байгаа ч “сургуулийнхаа ойр орчмоор явахаас ичдэг. Ангийнх нь хүүхдүүд харагдвал нүүрээ нууж өөр замаар явдаг” гэж бидэнд хэлсэн. Тиймээс жирэмсэн болсон ч сурах боломжийг нь бүрдүүлэх шаардлагатай байна.

Эмч нарын зүгээс жирэмсэн болсон өсвөр насны охидод хэрхэн ханддаг вэ?

Ер нь бараг л өсвөр насандаа жирэмсэн болсон бүх охидтой таагүй харьцдаг. Хяналтдаа орохоос эхлээд л төрөх хүртлээ “Ийм жоохон байж үхсэнээ хийж жирэмсэн болдог юм, төрж чадахгүй юм бол яах гэж жирэмсэн болсон юм” гэх зэргээр загнуулдаг. Эмч нар жирэмсэн болсон охидын насыг сонсоод шууд л загнах байдлаар ханддаг гэдгийг манайхаар үйлчлүүлсэн охид байнга хэлсээр байна.

Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Баярлалаа.