НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 онд энэ өдрийг Гэр бүлийн өдөр болгох тогтоол гаргаснаар дэлхийн улс орнууд тэмдэглэдэг болжээ. Харин манай улс энэ өдрийг гэр бүлийн тогтвортой байдал, улс орны эдийн засагт дэмжлэг үзүүлэх зорилгоор 2000 оноос тэмдэглэж ирсэн байна.

Гэр бүлийн тохиолдуулан Ерөнхийлөгчийн тамгын газрын ивээл дор Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, ЦЕГ хамтран Гэр бүлийн үнэ цэнэ зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Өнөөгийн нийгэмд гэр бүлийн үнэт зүйл, гэр бүл төлөвлөлт тулгамдсан асуудлуудын нэг болж хувираад байгаа юм. Жилд дунджаар 20 мянга орчим гэр бүл гэрлэлтээ батлуулдаг бол 4.000 орчим гэр бүл гэрлэлтээ цуцлуулдаг гэсэн судалгаа байдаг байна.

Тухайлбал, өнгөрсөн онд 21.020 хос гэрлэлтээ батлуулсан  бол эсрэгээрээ 4.201 гэр бүл гэрлэлтээ цуцлуулжээ. Гэр бүл салалтад олон хүчин зүйл нөлөөлж, нийгэмд олон сөрөг үр дагаврын нэг нь хүүхэд өнчрөх явдал юм.

Гэр бүл салалтын үр дагавраар олон хүүхэд аливаа хэлбэрийн дарамт, хүчирхийлэл, үл хайхрах явдалд өртөж, аюулгүй амьдрах, сурч хөгжих эрх нь зөрчигдсөн мэдээлэл хэвлэлийн хуудаснаас салахаа больсон гэхэд хэлстэхгүй.

Түүнчлэн гэр бүлийн үнэ цэнэ, тогтвортой байдалд ч маш олон зүйл нөлөөлж байгааг албаныхан хэлж байна. Тухайлбал, нийгмийн эмх замбараагүй байдал, нийгэм эдийн засаг, ядуурлын түвшин, гэр бүлийн харилцаа, үл ойлголцол, гэр бүлийн эмх замбараагүй байдал зэргийг дурдаж болох юм.

Харин гэр бүлийн үнэт зүйлд хамгийн их чухалчилж үзэж буй нь гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хосуудын харилцаа, боловсролын чанарын асуудал зэрэг дөрвөн асуудал багтжээ.

Үүнийг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас өнгөрсөн онд 42 мянга гаруй өрхийн судалгаагаар харуулсан байна.

Мөн тус судалгаанаас үзэхэд сүүлийн найман  жилд гэрлэлт цуцлалт жилд дунджаар 4.1 хувиар нэмэгджээ. Гэр бүл цуцлалтын тохиолдлыг хамт амьдарсан хугацаагаар нь судлахад 51.6 хувь нь 10-аас дээш жил, 26.5 хувь нь 7-9 жил амьдарсан байна.