Америкийн Лас Вегас хотноо World master- 2019 Жюү-жицүгийн мастерсын ДАШТ явагдаж байна. Тус тэмцээнд манай улсаас 15 тамирчин оролцож байгаа ба ДАШТ энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх юм.

Одоогийн байдлаар тэмцээний М3 ангиллын бор бүсийн +100кг жинд ОБЕГ-ын хурандаа, улсын аварга Г.Эрхэмбаяр оролцож, хүрэл медаль хүртлээ. 

Дашрамд дурадахад, Жюү-жицүгийн ААШТ өнгөрсөн сарын 17-21-нд анх удаа манай улсад зохиогдсон юм. Тус тэмцээнд 24 орны 400 гаруй тамирчин оролцсон ба Монголын баг тамирчид зургаан алт, есөн мөнгө, 15 хүрэл медальтайгаар гуравт эрэмбэлэгдсэн байна.

Жюү жицү бөхийн спорт нь манай улсад 2007 оноос хөгжиж байгаа ба манай тамирчид Бразил жюү жицү бөхийн ДАШТ-ээс хоёр хүрэл, ААШТ-ээс хоёр хүрэл, хоёр алт мөн 2010 онд Америкт болсон мастерсийн ДАШТ-аас хоёр алт, хоёр мөнгөн медалийг хүртжээ.