Жюү жицүгийн насанд хүрэгчдийн дөрөв дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 17-21-нд Улаанбаатарт зохиогдоно. Тэмцээн Бөхийн өргөөнд явагдах ба энэ үеэр Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдох Азийн хүүхдүүд 2020 наадмын Test Event болох өсвөр үеийн тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах юм.

Жюү жицүгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 24 орны 400 гаруй тамирчин оролцох бөгөөд Арабын нэгдсэн Эмират улс, Афганистан, Бахрайн, Йордан, Солонгос, Япон, Казахстан, Тайланд, Тайвань, Филиппиний тамирчид манай улсад ирээд байна.

Тэмцээнийг 13 орны 19 шүүгч шүүх ба үүний гурав нь манай улсын шүүгчид байгаа юм. Тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд 331, өсвөрийн тэмцээнд 77 тамирчин өрсөлдөнө. 

Жюү жицү бөхийн спорт нь манай улсад 2007 оноос хөгжиж байгаа ба манай тамирчид Бразил жюү жицү бөхийн ДАШТ-ээс хоёр хүрэл, ААШТ-ээс хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн байна. Мөн 2010 онд Америкт болсон мастерсийн Дэлхийн аваргаас хоёр алт, хоёр мөнгөн медалийг хүртэж байжээ.

Жюү жицү гэдэг үгийг утгачилбал, жюү нь уян хатан, жицү нь урлаг, арга зам, техник гэсэн утгатай байна.