Дорноговь аймгийн Даланжаргалан сумаас хойд зүгт дөрвөн км-т орших Цагаан цахир гэх газар байрлах Эко хэлхээ ХХК-ийн жонш баяжуулах үйлдвэрт Ням гарагт осол гарч нэг хүн амь насаа алдлаа. 

Тодруулбал, үйлдвэрийн хүдрийн нөөцийн агуулахад бөглөрсөн хүдрийг гаргахаар ажиллаж байсан тус уурхайн тээрмийн оператор 26 настай Э шороонд дарагдсан байна. Дуудлагын дагуу сумын Засаг даргын тамгын газрын таван ажилтан, уурхайн 40 ажилчин ажиллаж, иргэн Э-гийн цогцсыг гаргажээ. 

Он гарсаар хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйтэй холбоотой хэд хэдэн осол гарсан юм. Хамгийн сүүлд буюу энэ сарын 21-нд Сити молл хотхоны барилгад цахилгаанчны туслах хийж байсан 17 настай Д 11 давхрын хамгаалалтгүй лифтний хонгил руу унаж нас барсан байна.