Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо өөрийг нь эх орондоо ирэхтэй зэрэгцэн жагсаал зохион байгуулахыг иргэдээсээ хүслээ. Тэрээр энэ талаар твиттер хуудаснаа, “Маргааш 11 цагт бүх Венесуэлчуудийг цуглахыг уриалж байна” гэжээ.

Гуайдо өнгөрсөн нэгдүгээр сард өөрийгөө ерөнхийлөгчийн орлогчоор зарласнаас хойш 50 гаруй орны дэмжлэгийг аваад байгаа ба Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог огцрохыг шаардаж байгаа юм.

Харин Хятад, Орос, Кубын дэмжлэгийг авсан Мадуро өөрийгөө Венесуэлийн хууль ёсны ерөнхийлөгч гэсэн байна.

Гуайдо Венесуэлд хэрхэн ирэх, Мадуро түүний эсрэг ямар амар хэмжээ авах нь тодорхойгүй байгаа ч Гуайдо өөрийгөө баривчлагдана гэж үзэж байгаа юм.

Венесуэлийн дээд шүүх Гуадог өөрийгөө ерөнхийлөгчийн орлогчоор зарласны дараа гадагшаа зорчихыг нь хориглосон байна.

Америкийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон твиттер хуудаснаа, “Венесуэлд очиход Гуайдогийн аюулгүй байдалд халдах гэсэн ямар нэг оролдлого гарвал үүнд Америкийн тал зохих хариуг нь өгнө” гэж мэдэгджээ.  

Мөн Европын холбооны гадаад бодлогын газрын дарга Федерики Могеринигийн хэлснээр Венесуэлийн засгийн газар Гуайдод халдахыг оролдвол олон улсын эсэргүүцэлтэй тулгарах юм байна.

Гуайдо өнгөрсөн нэгдүгээр сард Колумбын хилийг давснаасаа хойш Латин Америкийн хэд хэдэн оронд айлчилсан бөгөөд энэ үеэрээ Америкийн дэд ерөнхийлөгч Майк Пенс, Бразилийг ерөнхийлөгч Жайр Болсонаро нартай уулзсан юм.

Мадуро эх орныхоо эдийн засгийг дордуулсан хэдий ч өнгөрсөн онд дахин ерөнхийлөгчөөр сонгогдсон нь олны дургүйцлийг хүргэсэн ба улмаар Венесуэлийн сөрөг хүчин болох Үндэсний ассамблейн дарга Гуайдо өнгөрсөн сард өөрийгөө ерөнхийлөгчийн орлогчоор зарласан юм.

Тус улсад өдгөө хоол хүнс, эм тарианы хомсдол үүсээд байгаа ч Мадуро гадны тусламжийг хилээр нэвтрүүлэхийг хориглосон хэвээр байна. Харин Гуайдо Колумб, Бразилын хил дээр гадны тусламж цуглуулж байгаа юм. Өнгөрсөн сард Венесуэлийн хил дээр гадны тусламжийг хил давуулахыг шаардсан жагсагчид цагдаа нарын эсрэг мөргөлдөөн гаргаснаас болж таван хүн амиа алдсан байна.

Эх сурвалж: BBC, Al jazeera