Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо олон улсын төлөөлөгчдийн хамгаалалт дор эх орондоо эргэн ирлээ.

Гуайдо онгоцноос буусан дариудаа Каракас хотод болж буй жагсаалд оролцсон бөгөөд ирэх Бямба гарагт дахин жагсахыг дэмжигчиддээ уриалсан байна.

Тэрээр хуулийн дагуу Венесуэлд хөл тавьсан даруйдаа баривчлагдаж Засгийн газраа түлхэн унагахыг оролдсон, хилийн хориог зөрчсөн хэргээр 30 жилийн хорих авах магадлалтай байсан юм. Гэвч Гуайдо уг эрсдлийг үл тоон Каракас хотын нисэх буудалд газардсан бөгөөд түүнийг Герман, Испани, Нидерланд зэрэг орны төлөөлөгчид угтан авчээ.

Венесуэлийн засгийн газар өнгөрсөн сард түүний хил давах эрхийг хаасан ч тэрээр Колумб, Аргентин, Бразил, Эквадор, Парагвай улсад айлчилсан юм. Энэ үеэр тэрээр Америк, Бразил, Колумб болон бусад орны төлөөлөгчидтэй уулзаж хүмүүнлэгийн тусламж гуйсан байна.

Улмаар Колумб, Америк, Бразил улс түүний хүсэлтийн даруу Венесуэлийн хил рүү өргөн хэрэглээний барааны тусламж илгээсэн юм. Гэвч Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро гадны тусламжийг хил давуулахыг хориглосноос үүдэн тусламжийн цуваа хил дээр гацаж, тусламжийг хилээр оруулахыг шаардсан олон мянган хүн цагдаа нарын эсрэг үймээн самуун дэгдээжээ.

Гуайдо өөрийгөө Венесуэлд очсон даруйдаа баривчлагдана гэж бодож байсан бөгөөд Америкийн дэд ерөнхийлөгч Майк Пенс Гуайдогийн аюулгүй байдалд халдсан тохиолдолд хариу арга хэмжээ авна гэдгийг Венесуэлийн засгийн газарт анхааруулсан юм. Мөн НҮБ, Европын холбоо ч Гуайдогийн аюулгүй байдлыг хамгаална гэдгээ мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Al jazeera, RT