Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал М.Бөхбат, шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч О.Балжинням болон бусад багш дасгалжуулагчид үүрэгт ажлаасаа огцорч байгаагаа мэдэгдлээ. 

Уг шийдвэрийг Монголын жүдо бөхийн шигшээ багийн тайлан хурлын үеэр гаргасан ба Токио-2019 ДАШТ-д тамирчид амжилт муутай оролцсон тул хариуцлагаа хүлээн огцорч байгаа юм. Учир нь манай тамирчид Токио-2019 ДАШТ-аас нэг хүрэл медаль, нэг тавдугаар байр, нэг долдугаар байрт орсон амжилт үзүүлсэн байна. 

Энэ үеэр ерөнхий дасгалжуулагч О.Балжинням, “Токиогийн ДАШТ-д бид нарын ажлын алдаа дутагдлаас болж муу амжилт үзүүллээ. Иймээс дараагийн хүмүүс нь шигшээ багаа авч олимпд орог гэсэн үүднээс ажлаа өгч байна. Гэхдээ бид цаашдаа ч жүдо бөхөө хөгжүүлэх үйл хэрэгт оролцоно” гэлээ. 

Өнгөрсөн хугацаанд багш, дасгалжуулагчдын гаргасан амжилт, хичээл зүтгэл багагүй юм. Тухайлбал, тус холбооны гүйцэтгэх захирал М.Бөхбат 2006 онд холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдож, 2008 онд манай улс жүдо бөхийн төрөлд анхны олимпын аваргаа өлгийдөн авчээ. 

Мөн 2017 оны Будапештын ДАШТ-ээс зургаан медаль авч  урд өмнө байгаагүй түүхэн дээд амжилтыг үзүүлнээс гадна сүүлийн зургаан ДАШТ-ээс дараалан медаль авсан юм. Үүнээс гадна сүүлийн хоёр олимпийн наадмаас хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн байна. 

Жүдо бөхийн холбооны удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээр огцорч байгаа нь анхных биш бөгөөд 2011 онд Парист болсон ДАШТ-д шигшээ багийн тамирчид амжилт муу үзүүлсэн учир дасгалжуулагчид мөн л хариуцлага хүлээж бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байжээ. 

Монголын жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчид:

  • Ерөнхий дасгалжуулагч, хөдөлмөрийн баатар, ардын багш О.Балжинням
  • Туслах дасгалжуулагч гавьяат тамирчин Д.Баттулга
  • Туслах дасгалжуулагч гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од
  • Туслах дасгалжуулагч гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа
  • Туслах дасгалжуулагч Г.Дашдаваа