Дуучин Жастин Бибер хачигны бактераас үүсдэг Лаймын халдвар туссан гэдгээ инстаграмаараа дамжуулан мэдэгдлээ. 

Тэрээр энэ талаар “Олон хүмүүс Жастин Бибер хар тамхи хэрэглэсэн юм шиг харагддаг гэж хэлдэг ч намайг Лаймын өвчнөөр өвчилснийг мэдээгүй байх. Уг өвчин арьс, тархины үйл ажиллагаа, эрч хүч, эрүүл мэндэд минь бүхэлд нь муугаар нөлөөлж байна. Энэ талаар удахгүй YouTube-д тавигдах цуврал баримтат киногоороо ярина. Сүүлийн хэдэн жил өвчинтэйгээ тэмцэж ирснийг минь та нар одоо ойлгож байгаа байх. Энэ эдгэшгүй өвчинд тохирсон эмчилгээ хийлгэж байгаа учир удахгүй бие минь дээрдэх болно” гэжээ. 

TMZ сайтын мэдээлснээр Жастин Бибер: Улирлууд гэх 10 хэсэг бүхий баримтат кино удахгүй гарах юм. 

Өнгөрсөн оны сүүл хүртэл эмч нар Биберийн өвчнийг оношилж чадаагүй ба энэ хугацаанд олон төрлийн эмчилгээ хийлгэсэн нь биеийн байдлыг нь улам дордуулжээ. 

Лайм өвчний халдварын үед халуурах, толгой өвдөх, ядрах, арьсан дээр тууралт үүсэх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Уг өвчнийг антибиотикоор дарах боломжтой ч эмчлээгүй тохиолдолд үе мөч, зүрх, мэдрэлийн системд тархаж үе мөч өвдөх, арьс мэдээ алдах, тархи үрэвсэх зэргээр хүндэрдэг байна. 

Өнгөрсөн жил дуучин Аврил Лавин лаймаар өвдөж хоёр жил хэвтэрт байсан талаараа ярьсан юм. 

Эх сурвалж: CNN, People