Дуучин Жастин Бибер урлагаас завсарлага авч хувийн амьдрал, сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарна гэдгээ өөрийн Инстаграмаараа дамжуулан мэдэгдлээ.

Тэрээр хэлэхдээ, “Би өсвөр наснаас өдийг хүртэл аялан тоглолт хийсээр ирсэн. Сүүлийн аялан тоглолтон дээр би аз жаргалгүй байсныг та нар анзаарсан байх. Та нар мөнгө төлж тоглолтонд минь хөгжилдөх гэж ирсэн. Гэвч миний сэтгэл зүйн байдлаас болоод тэгж чадаагүй” гэжээ.

Цааш нь тэрээр, “Би карьер, зүрх сэтгэлээ бүгдийг нь тогтвортой байлгахыг хүсч байна. Ингэснээр би өөрийн хүссэн эр хүн, нөхөр, эцэг байж чадна. Гэр бүл, эрүүл мэнд гэдэг хөгжмөөс илүү чухал. Гэхдээ би гайхалтай цомогтойгоор урлагт эргэн ирнэ” гэсэн байна.

Бибер хамгийн сүүлд буюу 2015 онд Purpose цомгоо гаргасан бөгөөд 2017 онд хүндэтгэх шалтгааны улмаас аялал тоглолтоо эрт дуусгасан юм.

Тэрээр өнгөрсөн 11-р сард загвар өмсөгч Хэйли Балдвинтэй гэрлэсэн ба үүнээс хойш сэтгэл зүйн тогтворгүй байдалтайгаа тэмцэж байгаа талаар фенүүддээ мэдэгдсэн байна.

Эх сурвалж: CNN, Today