Төв банк болон Банкны тухай хуулийг үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгч өнөөдөр тушаал гарган Капитал банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, банкны эрх хүлээн авагч томиллоо.

Уг шийдвэртэй холбогдуулан Хадгаламжийн даатгалын корпорациас Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг үндэслэн Капитал банкны хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох тухай шийдвэр гаргажээ.

Тодруулбал, Капитал банкны харилцах, хадгаламж эзэмшигчдийн 20 хүртэлх сая төгрөгийн мөнгөн хөрөнгө даатгагдаж, хамгаалагдсан байгаа ба Капитал банкин дахь харилцах, хадгаламж эзэмшигчийн даатгалын нөхөн төлбөрийг Хаан банкаар дамжуулан олгохоор шийдвэрлэсэн байна.

Мөн Капитал банкны харилцагчид даатгалын нөхөн төлбөрийн тооцоолол, даатгалд үл хамаарах нөхцөлийн талаар 06.00-24.00 цагт Хадгаламжийн даатгалын корпорацийн 11-370-000 лавлах утсаар холбогдон нэмэлт мэдээлэл авах боломжтой байна. Дашрамд дурадахад, Капитал банк нь 1990 онд байгуулагдсан бөгөөд орон даяар 60 салбар нэгжтэй байна. Тус банкны хувьцааны 99.97 хувийг Бишрэлт групп, 0.03 хувийг Чоно финанс ББСБ эзэмшдэг байжээ.