Казах курес бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 17-18-нд манай улсад анх удаа болох гэж байна. Тэмцээнийг эх орондоо зохион байгуулахын тулд Узбекистан, Киргиз улстай өрсөлдсөн юм. 

Олон улсын Казах курес бөхийн холбоо, Азийн Казах курес бөхийн холбоотой хамтран зохион байгуулах тэмцээн Монгол бөхийн өргөөнд явагдах ба 11 орны 120 гаруй тамирчин оролцоно.

Энэхүү тэмцээнд манай улс зохион байгуулагч орны давуу эрх эдлэн жин тус бүрт хоёр, үнэмлэхүй жингийн тамирчинтай нийлээд улсын начин Б.Серик тэргүүтэй 17 бөх хүч сорихоор ОУХМ Ч.Болдбаатарын удирдлагад бэлтгэлээ базааж байна.

Азийн аварга шалгаруулах тэмцээний жин тус бүрт түрүүлсэн бөхийг нэг мянга, үзүүрлэсэн тамирчныг 500, хүрэл медаль хүртсэнийг нь 300 доллароор шагнах бол үнэмлэхүй жинд түрүүлсэн бөх 3000 долларын шагнал хүртэнэ. 

Энэ удаагийн курес бөхийн ААШТ-д өндөр амжилт үзүүлсэн Монголын бөхчүүдээс ДАШТ-д зодоглох тамирчдыг сонгох юм. Өмнө жилийн ААШТ-нд манай тамирчид гурван алт, гурван мөнгө, хоёр хүрэл хүртэж, бүх жинд нь медаль хүртсэн амжилт үзүүлсэн байна. 

Тэмцээнийг МҮОНРТ, SPS телевизээр шууд дамжуулах ба Бөхийн өргөөнд үзэх тасалбар 1500 ширхэг хэвлэгдэн 10.000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Бөх сонирхогч иргэд тасалбарыг Бөхийн өргөө, Спортын төв ордны нэг давхарт байрлах Yawara shop-оос худалдан авах боломжтой.

Дашрамд дуулгахад, энэхүү тэмцээнийг үзсэн азтай нэг үзэгчийг Приус-30 маркийн автомашинаар шагнахаар болжээ. Монголд болох ААШТ-д оролцох тамирчдын онгоцны тийз, байрлах буудал зэрэг зардлыг Олон улсын Казах курес бөхийн холбоо, Азийн Казах курес бөхийн холбоо хариуцаж байгаа юм.

Байгуулаад жил гаруй болж буй Азийн Казах курес бөхийн холбооны ерөнхийлөгчөөр Хөдөлмөрийн баатар, Олимпийн хүрэл медальт, Дэлхийн аварга Х.Цагаанбаатар сонгогдон ажиллаж байна. 

Mongolian Qazaq Kuresi Federation-н зураг.

Казах курес бөхийн ААШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүн:

  • 55 кг: Д.Бөхчулуун, А.Хатансайхан
  • 60 кг: П.Алтанбагана, Б.Энэбиш
  • 66 кг: Б.Эрдэнэбаяр, Б.Самбууням
  • 74 кг: С.Баяртүвшин, Б.Пүрэвдаваа
  • 82 кг: Б.Гаажадамбa, Б.Алтансүх
  • 90 кг: Б.Тэнгис, Э.Түмэннасан
  • 100 кг: Д.Цэрэнням, Г.Түвшинжаргал
  • 100+ кг: Х.Цогтгэрэл, Б.Серик
  • Үнэмлэхүй жин: Б.Өнөржаргал
  • Багийн ахлагч: Г.Түвшинжаргал
  • Дасгалжуулагч: Ч.Болдбаатар