Казакстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев засгийн газраа огцрууллаа. Тэрээр энэ талаар хэлэхдээ, “Засгийн газрын батласан хууль, тогтоомжууд эдийн засагт эерэг өөрчлөлт авчирсангүй” гэв.

Тус улсын эдийн засаг 2014 оны газрын тосны үнийн уналт, худалдааны гол түнш болох Орос улсад тавьсан барууны хориг зэргээс болж удааширсан юм. Дэлхийн банкны судалгаагаар тус улсын ДНБ 2015 онд 1.2, 2016 онд 1.1 хувиар өссөн бөгөөд 2017 онд гэнэт дөрвөн хувь хүрсэн ч өнгөрсөн онд 3.7 хувь болжээ.

Казакстан улс 1991 онд ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарснаас хойш Назарбаев ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа ба хамгийн сүүлд 2015 оны сонгуулиар 97.75 хувийн саналаар ялалт байгуулсан юм. Тус улсын ерөнхийлөгч таван жилээр хоёр удаа сонгогддог байсан ч 2007 онд уг хуулийг хүчингүй болгожээ.

Түүний ерөнхийлөгчийн вебсайтад мэдээлснээр тэрээр удахгүй нийгмийн халамжыг чанаржуулж иргэдийн амьдралын түвшинг сайжруулна гэжээ. Үүний тулд ядуу иргэдийн амьдрах нөхцөл, бүсийн хөгжилд голчлон анхаарах юм байна.

Казак эмэгтэйчүүд таван хүүхдийн аминд хүрсэн гал түймрийн дараа хүүхдэд зориулсан санхүүгийн тусламж, аюулгүй орон байрыг Засгийн газраасаа шаардан хэд хэдэн удаагийн жагсаал хийсэн юм.

Эх сурвалж: DW, Tass