Казакстаны ерөнхийлөгчийн орлогч Касым-Жомарт Токаев ерөнхийлөгчийн сонгуулийг ирэх зургадугаар сарын есөнд зохион байгуулахаар зарлалаа. Казакстан улсын сонгууль хэзээ ч шударга болж байгаагүй гэж Барууны ажиглагчид үздэг ч Токаев энэ жилийн сонгуулийг шударга, нээлттэйгээр явуулахаа амласан байна.

Энэ удаагийн сонгуульд Токаевээс гадна Назарбаевын охин Дарига нэр дэвших магадлалтай байгаа юм.

Тус улсын цорын ганц удирдагч Нурсултан Назарбаев 29 жилийн дараа ерөнхийлөгчийн суудлаас өөрийн хүсэлтээр огцорч буйгаа өнгөрсөн сард мэдэгдсэн юм. Улмаар парламентын дарга Токаевийг ерөнхийлөгчийн орлогчоор томилсон байна.

Гэсэн ч Назарбаев Нур Отан намын дарга, Казакстаны аюулгүйн зөвлөлийн даргын үүргээ насан туршдаа үргэлжлүүлэн гүйцэтгэх юм. Тэрээр Казакстан улсыг эрчим хүчний томоохон үйлдвэрлэгч болгосон ч сөрөг хүчний байр суурийг үл тоомсорлодог гэдгээрээ олны шүүмжлэлд өртөж байжээ. Мөн Назарбаев Орос, Хятад болон барууны орнуудтай дотно харилцаатай байсан юм.

Токаев албан тушаалаа хүлээж авсан даруйдаа нийслэл Астана хотын нэрийг Нурсултан болгон өөрчилсөн бөгөөд өнгөрсөн долоо хоногт Орост хийсэн ерөнхийлөгчийн анхны айлчлалынхаа үеэр ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзжээ. Энэ үеэр Путин Казакстанд цөмийн эрчим хүчний байгууламж барих талаар санал гаргасан байна.

Эх сурвалж: Al jazeera, France24