Шинэчилсэн 18:13 - Казакстаны парламентийн дарга Касым-Жомарт Токаев ерөнхийлөгчийн орлогчоор томиллоо. Тэрээр тангараа өргөсний дараа нийслэл Астана хотыг Нурсултан гэж нэрлэх санал гаргажээ. Шинжээчдийн үзэж байгаагаар ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев өөрийн охин, дэд ерөнхий сайд асан Дарига Назарбаеваг өөрийн залгамжлагч болгох хүсэлтэй байж магадгүй гэнэ. Казакстаны нийслэл 1997 он хүртэл Алмати нэртэй жижиг хот байжээ. 


Казакстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 29 жилийн дараа албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорч буйгаа мэдэгдлээ. Энэ жил 78 настай тэрээр энэ сарын 30-нд албан ёсоор ажлаа өгөх бөгөөд уг гэнэтийн шийдвэрийнхээ шалтгааныг хэлээгүй юм.

Назарбаев 2015 онд тав дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд ирэх сард болох ерөнхийлөгчийн сонгууль хүртэл албан тушаалаа түр хугацаанд гүйцэтгэх гэнэ. Мөн тэрээр Нур Отан намын дарга, Казакстаны аюулгүйн зөвлөлийн даргын үүргээ насан туршдаа үргэлжлүүлэн гүйцэтгэх юм.

Тэрээр өнгөрсөн сарын 21-нд Засгийн газраа огцруулж 53 настай Аскар Маминыг шинэ ерөнхий сайдаар томилсон юм. Учир нь Казакстаны эдийн засаг 2014 оны газрын тосны үнийн уналт, Орост тавьсан барууны орнуудын хориг зэргээс болж буурсан байна.

Казакстан 1989 онд ЗХУ-ын нэг хэсэг байх үед Назарбаев Коммунист намын даргаар ажиллаж байсан ба 1991 онд ЗХУ задран унахад Казакстаны ерөнхийлөгчөөр сонгогджээ. Үүнээс хойш тэрээр таван удаа дахин сонгогдсон бөгөөд хамгийн сүүлд 2015 оны сонгуульд 98 хувийн саналаар ялалт байгуулсан байна.

Тэрээр улсдаа тогтвортой, тайван байдлыг бий болгосон ч сөрөг хүчний байр суурийг үл тоомсорлодог гэдгээрээ олны шүүмжлэлд өртөж байсан юм.

Казакстан нь газрын тосны нөөц ихтэй бөгөөд гол худалдан авагч нь Орос улс байжээ. Харин Назарбаевийг огцорсны дараа Казакстанд нөлөөгөө нэмэгдүүлэхийн төлөө Америк, Орос өрсөлдөх магадлалтай гэж шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: Al jazeera, The Moscow times