Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Хаан банканд 493.4 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Уг шийдвэрийг Хаан банк эсэргүүцэн анхан шатны шүүхэд хандсан байна.

Энэ талаар тус газрын дарга Б.Лхагваас тодруулахад, “ААН-дийн ирүүлсэн мэдээлэлд үндэслэн Хаан банкийг шалгаж, шударга өрсөлдөөний тухай хууль болоод зөрчлийн тухай хуулиар торгосон” гэлээ.

Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа эрхлэгч даатгал, үнэт цаас, хадгаламж зээлийн хоршоо, ББСБ-ууд Хаан банканд данс эзэмшдэг байна.

Харин тус банкнаас дансны доод үлдэгдэл 20 мянган төгрөг байсныг нэг сая төгрөг болгон жилийн хүүг тэг төгрөг болгож данс эцэслэсний хураамж авдаггүй байсныг сар бүрд таван мянган төгрөг авах шийдвэр гаргасан байна.