Засгийн газрын хуралдаанаар Их Монгол улсын нийслэл Хархорум хот байгуулагдсаны 800 жилийн ойг 2020 онд тэмдэглэхээр шийдвэрлэлээ. Мөн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах хорооны даргаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг томилсон байна. 

Хархорум хотыг 1220 онд Их эзэн хаан Чингис хааны зарлигаар албан ёсны нийслэл болгож, Өгөөдэй хаан 1235 оноос хотыг өргөтгөн байгуулжээ. Хархорум нь 1215, 1268 онд галд өртөж байсан ч тухайн үед сэргээсэн юм.

Харин 1380, 1466 онд Мин улсын довтолгоонд өртөж ихээхэн сүйдсэн ба үүнээс хойш Мин улсын довтолгоо, дотоодын ноёдын дайн самууны үеэр бүрэн сүйдэж үгүй болсон байна. 

Хархорум хот нь140 жил оршин тогтносны 32 жил нь Монголын эзэнт гүрний нийслэл байжээ. Анх 1889 онд Оросын эрдэмтэн Николай Михайлович Ядринцев Эрдэнэзуу хийдийн орчим том хотын үлдэц олсон байдаг. 

Улмаар 1890 онд Василий Васильевич Радлов тус хийдийн хэрэм ханыг судалж байгаад Хархорумтай холбоотой хааны зарлиг бүхий чулуун хавтан зэргийг олсноор Хархорум хот байгаа газрыг тогтоожээ.