Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Америкт хийж буй айлчлал Лхагва гарагт эхэлж, дэд ерөнхийлөгч Майк Пэнстэй Цагаан ордонд уулзлаа.

Уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн, Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн суурийг тавилаа. Мөн Монгол, Америкийн эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглалыг тохиролцсон байна.

Замын зураглал хэрэгжсэнээр Америктай ХАА, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломж нэмэгдэж байгаа юм.

Мөн Мянганы сорилтын сантай байгуулсан хоёр дахь компакт гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ нь иргэдийн амьдрал, эдийн засгийн өсөлт, хүрээлэн буй орчин, экологийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой гэдгийг У.Хүрэлсүх онцгойлон дурджээ.

Учир нь гэрээний хүрээнд олгогдох 350 сая долларыг Улаанбаатар хотын нийт усан хангамжийг нэмэгдүүлэх төсөлд зарцуулах юм.

Ерөнхий сайд албан айлчлалынхаа хүрээнд хар салхинд өртсөн Америкийн Өмнөд хэсгийн мужид 100 мянган долларын үнэ бүхий тэмээний ноосон хөнжил илгээхээр болжээ. Ингээд уулзалтын төгсгөлд дэд ерөнхийлөгч Майк Пенсийг тааламжтай цагтаа Монголд айлчлахыг урилаа.

Ерөнхий сайд маргааш ОУВС-ын захирал Кристин Лагард, Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким нарын хүмүүстэй уулзана.

Сонирхуулбал, Мянганы сорилтын сантай байгуулсан анхны гэрээ 2008-2013 онд хэрэгжиж 285 сая долларын санхүүжилт хийгдсэн юм. Уг хөрөнгийг хот орчмын бэлчээрийн менежмент, хөрөн­гийн эрх, мэргэжлийн боловсрол, сургалт, эрүүл мэнд, цэвэр агаар, авто зам зэрэг зургаан төсөлд зарцуулжээ.