Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны ах Ким Жон Нам Америкийн тагнуулын төв агентлагийн мэдээлэгч байсан гэж Уол Стрийт Журнал сонинд мэдээлжээ. Нийтлэлд бичсэнээр Ким Жон Нам 2017 оны хоёрдугаар сард Америкийн тагнуулын төв агентлагийн төлөөлөгчтэй уулзахаар Малайзад ирсэн байна.

Гэхдээ тэрээр олон жил гадаадад амьдарсан учир Хойд Солонгосын дотоод асуудлын талаар мэдээлэлгүй байсан ба Хятад зэрэг орны батлан хамгаалах газруудтай холбоотой байсан гэж тус сонинд бичжээ.

Уг нийтлэл үнэн эсэхийг тодорхойлох боломжгүй ч Вашигтон Пост сонины эрхлэгч Анна Фифиельд Агуу залгамжлагч номондоо Ким Жон Намыг Америкийн тагнуулын мэдээлэгч болсон. Тэрээр холбоотнуудтайгаа Сингапур, Малайзад тогтмол уулздаг гэж бичсэн байна.

Мөн Ким Жон Намын Малайзад хийсэн сүүлийн аяллын үеийн зочид буудлын нууц камерт тэрээр Америкийн тангуулч гэх Ази царайтай хүнтэй хамт цахилгаан шатанд явж байгаа нь бичигджээ. Энэ үед Ким Жон Намын үүргэвчинд тагнуулын ажлын хөлс эсвэл казиногийн бизнесээс олсон 120 мянган доллар байсан гэж уг номонд өгүүлсэн байна.

Ким Жон Нам нь эцэг Ким Жон Илийн халааг авах магадлалтай байсан ч 2017 оны хоёрдугаар сард Малайзын нисэх буудалд химийн хоронд хордож амиа алдсан юм. Уг хэрэгт хоёр эмэгтэйг буруутган хорьж байгаад өнгөрсөн гуравдугаар сард Индонезийн иргэн Сити Айся, тавдугаар сард Вьетнамын иргэн Доан Ти Хуоныг буруугүй гэж үзэн суллажээ.

Ким Жон Нам нь гэр бүлийнхээ засгийн эрхийг өв залгамжилдаг явдлыг эсэргүүцдэг байсан ба үүнээс болж Хойд Солонгосын удирдлагууд түүнийг хороосон гэж Өмнөд Солонгос болон Америкийн албаныхан үздэг юм.

Эх сурвалж: The guardian, Telegraph