Кубийн ерөнхийлөгч Мигел Диас Канелийн Хойд Солонгост хийсэн айлчлалын үеэр удирдагч Ким Жон Уны анхны хөрөг зургийг олонд дэлгэлээ.

Уг зураг дээр Ким Жон Уныг ажил хэрэгч хослол, зангиа зүүж нүүр дүүрэн инээмсэглэсэн байдлаар дүрсэлжээ. Энэ нь түүний иргэдийнхээ шүтээн болох суртал ухуулгын эхлэл гэж ажиглагчид үзэж байгаа юм.

Түүний аав, өвөөгийн зураг Хойд Солонгосын айл бүрт байдаг ч Ким Жон Уных огт байгаагүй нь тэрээр олон жилийн турш удирдагч биш өв залгамжлагч гэдэг утгаар иргэдэд танигдсанаас болсон гэнэ. Гэвч Ким Жон Ун энэ онд хэд хэдэн томоохон уулзалт хийснээр нэр хүнд нь өсөж байгаа юм.

Ким Жон Уны нэр хүнд хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Тэрээр 2011 онд эцгийнхээ гэнэтийн үхлийн дараа Хойд Солонгосын удирдагч болсон бөгөөд энэ үедээ ямар ч туршлагагүй байв. Гэвч тэрээр Засгийн газрыг өөрчилж эцгээсээ өөр стратеги боловсруулснаар нэр хүнд нь өсөж байгаа юм.

Учир нь түүний эцэг Ким Жон Ир зэвсэгт хүчнийг чухалчилж үздэг байсан бол Ким Жон Ун цөмийн зэвсэг, эдийн засгийг голчлон хөгжүүлэх бодлого барьдаг аж. Мөн тэрээр энэ онд найман улсын төрийн тэргүүнтэй дээд хэмжээний уулзалт хийсэн нь олон улс дахь нэр хүндийг нь өсгөсөн байна.

Ким Жон Уны хөргийг хаанаас харах вэ?

Түүний зургийг Кубийн ерөнхийлөгчийг хүлээн авах үйл ажиллагааны үеэр телевизээр харуулсан бөгөөд цаашид хаана байрлуулах нь тодорхойгүй байна. Гэхдээ хөргийг өндөр хамгаалалт дор хадгалж тэмдэглэлт өдрүүдээр олонд сонирхуулж магадгүй гэнэ.

Эх сурвалж: BBC, Time