Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун супер том пуужин хөөргөгчийн туршилтыг Бямба гарагт үзэж сонирхсон талаар тус улсын KCNA агентлаг мэдээллээ. 

Энэ үеэр Ким Жон Ун, “Хойд Солонгос дайсны хүчийг эсэргүүцэхийн тулд зэвсгээ хөгжүүлэх ёстой. Эдгээр пуужинг хөгжүүлж байгаа залуу эрдэмтэд бол улсын баялаг, юугаар ч сольж болохгүй эрдэнэ” гэжээ. 

Мөн Хойд Солонгос батлан хамгаалахын аюулгүй байдлаа ямар ч хориг зөөлрүүлэх нөхцлөөр солихгүй гэж мэдэгдсэн байна. KCNA агентлагийн авсан зурагнаас үзэхэд уг пуужинг найман дугуйтай машины ард суурилуулсан том хоолойноос хөөрч байгаа юм. 

Шинжээчдийн хэлснээр өнгөрсөн хоёрдугаар сард болсон Трамп-Кимийн уулзалт бүтэлгүйтсэнээс хойш энэ нь олон нийтэд зарласан дөрөв дэх шинэ пуужингийн систем гэнэ.  

Өмнөд Солонгосын батлан хамгаалахын яамны мэдээлснээр Хойд Солонгос хамгийн сүүлд Бямба гарагт дахин богино зайн хоёр пуужинг Япон тэнгис рүү харвасан байна.  

Америкийн төлөөлөгчид Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөртэй холбоотой хэлэлцээрийг дахин эхлүүлэхийг хичээж байгаа юм. Иймээс Трамп сүүлийн үеийн туршилтуудын дараа ч Ким Жон Унтай сайн харилцаатай хэвээр байгаа гэдгээ мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: The guardian, The sun