Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унаас захидал хүлээн авчээ. Үүнд тэрээр Трамптай дахин уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэж Цагаан ордоны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс мэдээллээ.

Тэрээр хэлэхдээ, “Уг захидал маш эерэг утга агуулгатай ба гол санаа нь хоёр улсын төрийн тэргүүний ээлжит уулзалтыг зохион байгуулах байсан. Бид үүнийг нааштайгаар хүлээн авсан учир уулзалтын товыг хэлэлцэхэд бэлэн байгаа” гэв.

Хойд Солонгос Ням гарагт болсон 70 жилийн ойн жагсаалдаа цөмийн пуужингаа оролцуулаагүй нь хоёр орны харилцааг улам ойртуулсныг Цагаан ордон онцолсон юм.

Харин Америкийн үндэсний аюулгүйн зөвлөх Жон Болтон удирдагч Ким Жон Уныг уулзалтад оролцоно гэдэгт эргэлзэж байгаа гэнэ.

Хоёр орны удирдагчид өнгөрсөн зургадугаар сарын 12-нд Сингапурт анхны түүхэн дээд уулзалтаа хийж Солонгосын Хойгийг цөмийн зэвсэггүйжүүлэх асуудлаар ярилцсан юм.

Эх сурвалж: Reuters, NHK