Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Америкийн ерөнхийлөгч Доналд Трамптай хоёр дахь дээд хэмжээний уулзалтаа хийхээр Вьетнамд хүрэлцэн ирлээ. Ким Жон Ун Пхеньяны галт тэрэгний буудлаас өндөр хамгаалалттай галт тэргээр Баасан гарагт хөдөлсөн бөгөөд хоёр өдөр хагасын турш 4506 км замыг туулж Вьетнамын Лан Сон мужийн Дон Дан галт тэрэгний буудалд буусан байна.

Түүнийг галт тэрэгнээс буухад үнэрч нохойтой Вьетнамын цэргүүд хамгаалалтандаа авсан бөгөөд олон сэтгүүлчид цугларсан байв. Тэрээр цаашаа машинаар 160 км зам туулж Ханой хот хүрэх юм. Мөн Ким Жон Ун энэ удаагийн уулзалтад дүү Ким Юу Жон, генерал Ким Юн Чол болон бусад албаныхантай хамт ирсэн гэж Хойд Солонгосын KCNA агентлаг мэдээлжээ.

Ким Жон Ун эхний уулзалтандаа Хятадаас хөлсөлж авсан онгоцоор Сингапурт хүрч байсан бол энэ удаад илүү удаан хугацааг гал тэргэнд өнгөрөөсөн юм.

Уг галт тэрэг нь Кимийн өвөө болон аавынхтай нь төстэй бөгөөд дотроо хурлын, зочны, унтлагын өрөөтэйгөөс гадна хиймэл дагуулын гар утас, хавтгай дэлгэцтэй зурагт байдаг гэнэ. Ким Жон Ун өнгөрсөн оны гуравдугаар сар болон өнгөрсөн сард Хятадын ерөнхийлөгч Ши Жинпинтэй уулзалт хийхдээ галт тэргээр очсон юм.

Харин Трамп агаарын хүчний хамт өнөө орой Ханойд ирэх гэнэ. Тэрээр Ням гарагт твиттертээ Хойд Солонгос цөмийн зэвсгээсээ салвал эдийн засаг нь хурдан хөгжинө хэмээн жиргэсэн байна. Хойд Солонгос нь дэлхийн хамгийн ядуу орны нэг бөгөөд нэг хүнд ноогдох ДНБ нь жилд ердөө 1300 доллар байдаг гэнэ.

Трамп, Ким нар энэ удаагийн уулзалтаар Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүйжүүлэх цаашдын арга хэмжээний талаар ярилцах юм.

Эх сурвалж: CNN, BBC, Fox news