НМХГ-аас Дүнбэгмайл ХХК-ийн БЗД-ийн 18-р хороонд байрлах Кимбаб Чонгүг салбарт эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүнсний чанар, стандартын чиглэлээр хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар хоолны дээж аваагүй ба хүнсний түүхий эд бүтээгдэхүүний хадгалалтын горим зөрчсөн, хоол үйлдвэрлэлийн байрны ариутгал цэвэрлэгээ хангалтгүй, түүхий эд хүнсний бүтээгдэхүүнийг хүлээж авах, шалгах, ангилан ялгалт хийх эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын цэггүй зэрэг зөрчил илэрсэн байна.

Мөн хөргөх, хөлдөөх тоног төхөөрөмжийн температурын хэвийн ажиллагаа алдагдсан, хуурай хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтын агуулахгүй, хоол, түүхий эд шарах тосны чанарыг шалгадаггүй, 3-4 хонуулсан чанар нь муудсан тос ашиглаж байжээ.

Үүнээс гадна нэг хоолыг олон дахин халааж үйлчлүүлэгчид олгодог, үйл ажиллагаандаа хуульд заасан зохистой дадал нэвтрүүлээгүй байсан нь хоол хүнсээр дамжих эрсдэлт хүчин зүйл үүсгэсэн байна.

Тиймээс БЗД-ийн прокурорын тогтоолоор үйл ажиллагааг түр зогсоож, зөрчлийн хэрэг нээж, албан даалгавар хүргүүлжээ.