Ерөнхийлөгч Х.Баттулга  өчигдөр Киргиз улсад албан айлчлал хийх үеэрээ тус улсад суух Элчин сайдын яамны нээлтийн ажиллагаанд оролцлоо.

УИХ-аас  2017 онд Монголоос Киргиз улсын нийслэл Бишкек хотод суугаа Ерөнхий консулын газрын түвшинг өөрчилж, ЭСЯ болгохоор шийдвэрлэсэн юм. Энэ дагуу ГХЯ-аас Элчин сайдын яам нээх саналаа Киргизийн талд тавьснаар ийнхүү өчигдөр нээлтээ хийлээ.

Энэ үеэр Ерөнхийлөгч Монгол-Киргизийн харилцаа, нэн ялангуяа худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Монголын ЭСЯ чухал үүрэг гүйцэтгэж, гүүр болон ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн юм.

Үүний дараа Ерөнхийлөгч, гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Киргизийн гадаад хэргийн сайд Ч.А.Айдарбеков нарын хамтаар Элчин сайдын яамны хаяг, самбарыг байрлуулсан байна.

Киргиз улсад суух Ерөнхий консулын газар 2014 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд улс орноо төлөөлөх, суугаа улсын Засгийн газартай хэлэлцээ хийх зэрэг ЭСЯ-ны хэрэгжүүлэх боломжтой чиг үүргийг тэр бүр хэрэгжүүлж чаддаггүй байжээ.

Харин ийнхүү Элчин сайдын яамтай болсноор аливаа нэмэлт зардал гаргахгүйгээр үйл ажиллагаа явуулж, дээрх чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой болж байгаа гэдгийг албаныхан хэллээ.

Дашрамд дурдахад, Монгол, Киргиз улс 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш найрсаг харилцааг хөгжүүлсээр ирсэн юм.