Ерөнхийлөгч Х.Баттулгын Киргиз улсад хийж буй айлчлалын хүрээнд тус улсын ерөнхий сайд Мухммедкалий Абылгазиев бараалхлаа. Тэрээр Ерөнхийлөгчийн айлчлалыг амжилттай болсон гэж дүгнэн ирэх намар манай улсад өргөн бүрэлдэхүүнтэй айлчлахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.

Мөн Дэлхийн нүүдэлчдийн тавдугаар наадмыг Монголд зохиох саналыг талархан хүлээн авч, өөрийн зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.

Киргиз улс жилд таван сая орчим жуулчин хүлээн авдаг тул энэ талын туршлагаа харилцан солилцох, Монголоос мах импортлох, жимс жимсгэнэ, хүнсний бүтээгдэхүүн экспортлох зэрэг асуудлаар дэлгэрэнгүй ярилцжээ.

Манай улс Киргизтэй 1992 онд дипломат харилцаа тогтоосон ба худалдааны нийт эргэлт нэг сая гаруй доллар байна. Тодруулбал, жонш, молибдены хүдэр, өлөн гэдэс, давсаг, гүзээ, шоколад ба какао агуулсан хүнсний зүйлс, хивс, ноос, ноолууран бүтээгдэхүүнийг экспортолж, сонгино, сармис, нефтийн бүтээгдэхүүнийг импортолжээ.