Хятад руу ялтан шилжүүлэх хуулийн төслийг бүр мөсөн цуцалж байгаагаа Хонг Конгийн удирдагч Кэрри Лам мэдэгдлээ. 

Тэрээр хэвлэлийн бага хурлын үеэр уг хуулийн төслийг маш том алдаа байсан гээд уг хуулиас үүдэн гарсан бүх асуудлын хариуцлагыг өөрийн биеэр үүрнэ гэлээ. Мөн жагсаалын үеэр үймээн самуун гаргасан иргэдэд хуулийн хариуцлага тооцохгүй ба цаашид тайван замаар дуу хоолойгоо илэрхийлэхийг уриаллаа. 

Өнгөрсөн хоёрдугаар сард Хонг Конгийн иргэн Тайваньд аялаж байхдаа найз бүсгүйгээ хөнөөж, нутаг буцсан хэрэг гарсан юм. Гэвч хоёр улсын хооронд ялтан шилжүүлэх хууль байхгүй учир хэрэгтнийг Тайваний хуулиар шийтгэх боломжгүй байжээ. Иймээс хууль хяналтынхан хүн амь, хүчин зэрэг хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг Хятад, Тайвань, Макао руу шилжлүүлэх хуулийн төслийг боловсруулсан байна.

Гэвч хуулийн төслийг эсэргүүцэн Хонг Конгийн хоёр сая гаруй иргэн өнгөрсөн сард хоёр ч удаа жагссан юм. Улмаар өнгөрсөн сарын 14-нд уг хуулийг батлах асуудлыг хойшлуулсан ч иргэд хуулийг бүрэн цуцалж, удирдагч Кэрри Ламыг огцрохыг шаардсан байна. Жагсагчид энэ сарын нэгэнд парламентын ордон руу дайран орж ханан дээрх улс төрчдийг зургийг урж, шүршдэг будаг цацах зэргээр тэмцлийн хурц хэлбэрт шилжсэн юм. 

 Эх сурвалж: CNBC, CNN