Ли Мён Хи дөрвөн жилийн өмнө Korean Air-ийн толгой компани буюу Ханжин группийн  барилгын ажлыг хийж байсан ажилтныг зодож, хэл амаар доромжилж буй бичлэг олон нийтийн сүлжээгээр тарж дуулиан дагуулсан ба улмаар цагдаад шалгагдах болсон юм.

Үүнээс гадна түүнийг ажилтнуудтайгаа зүй бус харьцаж, өөрийг нь таниагүй тохиолдолд ажлаас нь халуулах хүртэл арга хэмжээ авдаг гэж ажилтнууд нь гомдол гаргасан байна.

Ли Мён Хи Даваа гарагт Сөүлийн цагдаагийн газарт байцаалт өгсөн бөгөөд асуудал үүсгэж, хохирол учруулсандаа уучлалт гуйжээ. Мөн цагдаагийн асуултад чин сэтгэлээсээ хариулахаа амласан байна.

Өмнө нь Ли Мён Хигийн хоёр охин ажилтнуудтайгаа ёс бус харьцсан хэргээр дуулиан тарьж байсан юм. Том охин Чо Хюуна 2014 онд захиалсан самар нь таалагдаагүй учир зорчиж байсан онгоцныхоо нислэгийг 20 минут саатуулж байжээ.

Харин удаах охин Чо Хюунмин нь ажил хэргийн уулзалтын үеэр уураа барьж чадалгүй хүмүүсийн нүүр рүү ус цацаж байсан юм. Тэд хоёул Korean Air-ийн гүйцэтгэх албан тушаалаа хүлээлгэн өгсөн байдаг.

Эх сурвалж: NHK, KBS