Их Британий эрүүл мэндийн яам коронавирусийн судалгаанд 46 сая паунд зарцуулж байна. 

Тус улсад хувийн болон улсын 20 гаруй байгууллагууд вакцин гаргахаар ажиллаж байгаа ба Лондонгийн Күийн Мари инновацийн төв 24 хүн дээр туршилт хийж, туршилтад оролцсон хүмүүст 3500 паунд буюу ойролцоогоор 4500 доллар өгнө. 

Эрдэмтэд туршилтын вакциныг оролцогчдод тарьсны дараа коронавирусийг суулгаж үр дүнг нь харах гэнэ.

Дэлхий даяар хөрөнгө оруулагчид вакцины эмчилгээнд хэдэн тэрбум долларыг зарцуулж байгаа ба тэдэн дунд Билл Гэйтсийн сан, Гүүгл, Амазон зэрэг тэрбумтнууд байгаа юм.

Гэхдээ одоогоор Хятадын ирэх сард гарах вакцин хамгийн их анхаарал татаж байна. Тус улсад улсын найман байгууллага таван өөр төрлийн вакцин дээр ажиллаж байгаа юм.

Эрүүл мэндийн яамны судалгааны салбарын сайд Зэн Жонвеигийн хэлснээр, "Дараа сар гэхэд онц ноцтой тохиолдолд хэрэглэж болох вакциныг хэрэглээнд оруулах төлөвлөгөөтэй байгаа" гэжээ.

Одоогоор дэлхийд 119.179 хүн вирусээр халдварлаж, 4295 нь нас барж, 66.617 нь эдгэрчээ.

Эх сурвалж: Dailymail, NYPost