Өмнөд Солонгосын f(x) охидын хамтлагын дуучин асан, жүжигчин Сулли буюу Чой Жин Ри нас барсан байдалтай гэрээсээ олджээ. 

Менежер нь түүнтэй хамгийн сүүлд Ням гарагийн орой холбогдсон ба үүнээс хойш сураг чимээгүй байсан тул гэрт нь очсон байна. Улмаар Суллиг байшингийнхаа хоёр давхарт ухаан алдсан байдалтай олоод цагдаад мэдэгджээ. 

Цагдаагийн газрын мэдээлснээр талийгаач амиа хорлосон байх магадлалтай ба хэргийн газраас тэмдэглэл илрүүлсэн байна. Сулли нь багаасаа жүжиглэж эхэлсэн ба 2009 онд SM энтертайментын f(x) хамтлагт орсон байна. Ийнхүү 2015 онд хамтлагаа орхиж жүжигчний карьераа хөөсөн бөгөөд хамгийн сүүлд өнгөрсөн зургадугаар сард Гоблин гэх ганцаарчилсан уран бүтээлээ гаргажээ. 

Кпоп урсгал нь сүүлийн 10 жилд Өмнөд Солонгосын экспортын томоохон хэсгийн бүрдүүлж байгаа юм. Мөн тус улсын урлагийн салбар өрсөлдөөн ихтэй, уран бүтээлчид нь олон жилийн турш бэлтгэгддэг байна. Үүнээс болж уран бүтээлчдэд ирэх дарамт их байдаг ба сүүлийн үед сэтгэл зүйн эрүүл мэнд тулгамдсан асуудлын нэг болжээ. 

Өнгөрсөн 2017 оны 12-р сард мөн SM энтертайментын SHINee хамтлагийн ахлагч Ким Жон Хюн сэтгэл гутралын улмаас амиа хорлосон юм. Мөн Кара хамтлагийн гишүүн асан Гү Хара өнгөрсөн тавдугаар сард гэртээ ухаан алдсан байдалтай олдсон ба азаар амьд үлджээ.  

Эх сурвалж: BBC, CNN