Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн энэ сарын 3-5-нд Кувейт улсад ажиллаж байна. Айлчлалын хүрээнд Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн ерөнхий захирал Абдулвахаб Аль-Бадертай уулзлаа. 

Манай улс Кувейтийн Засгийн газраас олгосон хөнгөлөлттэй зээлийг Дархан-Эрдэнэт-Булган-Уньт-Тариалангийн чиглэлийн 415 км авто зам, Тайширын УЦС-ыг барихад ашигласан байна. 

Харин буцалтгүй тусламжаар Монгол-Кувейтийн судалгааны төвийг барьж, Түлэнхийн төвийг 2020 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн юм.

Мөн Өндөрхаан-Норовлин-Дадал чиглэлийн авто замын ТЭЗҮ-г боловсруулахад шаардлагатай 500 мянган долларын буцалтгүй тусламжийг Кувейтийн тал олгох эсэхийг энэ сарын 19-нд шийдвэрлэнэ гэлээ.

Манай улс Кувейттэй 1975 онд дипломат харилцаа тогтоосон ба 2018 онд манай улсад 110 мянган долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.