Реалити шоуны од Кайли Женнер өөрийн нэрийн Кайли косметикс, Кайли скин компаниа 600 сая доллараар зарахаар боллоо. Ингэснээр уг брэндүүд гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Коти компаний нэг хэсэг болох юм. 

Коти компани нь Бурберри, Хюго Босс зэрэг брэндийг эзэмшдэг бөгөөд ирэх оноос эхлэн Кайли брэндийн 51 хувийг эзэмших гэнэ. Кайлигийн компаниуд өнгөрсөн онд 360 сая долларын ашиг олж тэрээр 21 насандаа тэрбумтан болжээ. 

Кайли анх 2015 онд өөрийн нэрийн уруулын будгаа гаргаснаар брэндийнхээ үндсийг тавьсан ба гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэж хүрээгээ тэлсэн юм. Тэрээр Кардашианы гэр бүлийн хамгийн бага нь боловч орлогоороо бусдаасаа хол илүү байна. 

Түүнийг өөрийн хүчээр тэрбумтан болсон гэдэгтэй хүмүүс санал нийлдэггүй ч тэрээр гэр бүлээсээ ямар ч мөнгө өвлөж аваагүй гэдэг юм. 

Кайлигийн Инстаграмыг 151 сая хүн, брэндийнх нь хаягийг 22 сая хүн дагадаг бөгөөд түүний нийгмийн сүлжээн дэх нөлөө маш хүчтэй байна. Иймд тэрээр Снапчат аппликейшнийг хэрэглэхгүй гэж твиттерт жиргэснээс болж компаний хувьцаа 1.3 тэрбум доллараар унаж байжээ.  

 

Эх сурвалж: BBC, CNN