УИХ-ын даргыг огцруулах хуулийн төслийг энэ сарын 10-нд багтаан батлах чиглэлтэй Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан нь чуулганыг ээлжит бусаар хуралдуулах үндэслэл гэж тэд мэдэгдлээ.

Уг хуулийн төслийг байнгын хороо дэмжсэн ч М.Энхболд, С.Эрдэнэ нар хуулийн тайлбар хийж, заасан хугацаанд батлагдахгүй нөхцөлийг бий болгосон гэлээ. Тодруулбал, АН-ын дарга С.Эрдэнэ “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл УИХ-г удирдах ёсгүй” гэж мэдэгдсэн бол М.Энхболд өнгөрсөн долоо хоногийн чуулганаар дөрвөн гишүүнийг чөлөөлөх асуудлыг оруулсан хэрнээ хуулийн төслийг хассан байна.

Тиймээс дээрх гишүүд танхимаас горимын санал гаргаснаар энэ долоо хоногт хэлэлцэхээр болсон ч УИХ-ын дарга М.Энхболд хуулийн төслийг долдугаар асуудал болгосон учир нэгдүгээр асуудал болгохыг шаардана гэж Т.Аюурсайхан мэдэгдлээ.  

Үүнээс гадна Ж.Батзандан, Л.Болд нарын АН-ын бүлгээс гарсан асуудлыг М.Энхболд шийдээгүйгээс үүдэн намын бүлэг завсарлага авах зэргээр хуулийн төслийг гацаах нөхцөл үүссэн байна.

Ийнхүү “хуулийн төслийг батлахад ямар нэг саад тодгор гарч ирвэл тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих бөгөөд жагсаал цуглаан, өлсгөлөнг Их тэнгэрийн аманд хийх санал иргэд болон ТББ-ын зүгээс ирсэн” гэж тэд мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хэлснээр, “Д.Хаянхярвааг УИХ-ын дарга болохгүй бол хуулийн төслийг батлахгүй. Н.Номтойбаярыг сайд болгохгүй бол хуулийн төслийг батлахгүй” гэх зэргээр шантаажилж байгаа гэнэ.

Тэд МАНАН бүлгийг буулган авсны дараа тусгай сан, албан тушаалаа урвуулан ашигласан концесс, тендерийн асуудлыг шалгахыг хуулийн байгууллагаас шаардана гэсэн юм.

Сануулбал, Л.Оюун-Эрдэнэ нарын таван гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах жагсаалыг Чингисийн талбайд хоёр ч удаа зохион байгуулсан юм.