Нийгэмд хүлээлт үүсгэсэн Эрдэнэтийн 49 хувь, Стандарт банк, С.Зоригийн хэрэгтэй холбоотой эрүүдэн шүүсэн асуудал, Хөгжлийн банк, бонд зэрэг томоохон хэргүүдийг ирэх долоо хоногоос шүүхэд шилжүүлж эхэлнэ гэж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэллээ.

Тагнуул цагдаагийн байгууллагын мэдээллээр энэ хэргүүдийн мөрдөн шалгалт дуусаж, прокурор дээр хяналт хийгдэж байгаа гэх мэдээллийг өгсөн байна.

Тэрээр “Иргэд шүүхийг нүд цавчихгүй харах ёстой. Эрдэнэтийн 49 хувийн хэргийг Х.Идэр гэх шүүгч над дээр хуваарилчих, энэ хэргийг шийдээд ажлаасаа гаръя гэсэн гэх албан бус мэдээлэл ирсэн. Энэ мэт улсын шүүгч биш Худалдаа хөгжлийн банкны төлөөлөгч болсон М.Батсуурь тэргүүтэй шүүгчид өнөөг хүртэл ажилласаар байгааг ойлгохгүй байна” гэлээ.

Мөн Засгийн газраас Эрдэнэтийн 51 хувь дээр үүссэн 40 саяын хохирлыг Ш.Батхүүгийн бусдад шилжүүлсэн хөрөнгийг зарах замаар барагдуулах, С.Зоригийн хэрэг дээр Т.Содномдаржаа, Ш.Чимгээ нарыг эрүүдсэн нь тогтоогдвол суллаж хэрэг бүртгэлийг дахин эхлүүлэх байр суурьтай байгаа гэж мэдэгдсэн юм.

Мөн Т.Содномдаржаа, Ш.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх шинэ бичлэг гарч ирсэн гэх мэдээлэл ирж байгаа гэж Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Түүнчлэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэх нь зөв гэдэг байр суурьтай байгаа гэлээ.

Тэрээр Үндсэн хууль өнөөгийн нийгэм, эдийн засгийн хурдцад бүтэн хариулт өгч чадахгүй байгаа гээд энэ удаад тодорхой шийдлийг гаргахгүй бол Монгол улс засаглалын тогтолцоогоо өөрчлөх нөхцөл руу орно гэсэн юм.

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр засаглалтай холбоотой хэд хэдэн асуудал хөндөгдөж байгаа гэнэ. Тухайлбал, Ерөнхий сайд тэргүүтэй таван хүн парламентын гишүүн байхаар хуульчилсан, дараагийнх нь хүнийг томилчихоод Ерөнхий сайдыг огцруулдаг байх зэрэг өөрчлөлтүүд тусгагджээ.

Мөн Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн эрх үүргийг тодорхой болгон зааглаж, Ерөнхийлөгчөөр 55 нас хүрсэн хүн нэг удаа зургаан жилээр сонгогдох зохицуулалт хийсэн байна. Үүнээс гадна УИХ илүү хууль батлах, шүүх хараат бус байх зэрэг зүйл заалтыг оруулжээ.

Энэ удаагийн өөрчлөлтөд давуу болон сул тал байгаа гэдгийг Л.Оюун-Эрдэнэ дурдаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж, тодорхой шийдэл хүрэх нь чухал гэлээ.