Энэ сарын 23-нд Эмээлтэд байрлах ТМ Эко хүнс ХХК-ийн эзэмшлийн махны үйлдвэрт гарал үүсэл нь тодорхойгүй 20 гаруй тонн махыг боловсруулж байсныг илрүүлсэн юм.

Улмаар лабораторийн шинжилгээгээр махны өнгө гүн улаан хүрэн, бага зэргийн нэвширсэн үнэртэй, махны биелэг байдал зөөлөндүү, гадаргуу дээр дарахад хонхорхой нь тэгшрэхгүй байсан ба зүй бусаар хорогдсон малын мах болох нь тогтоогдлоо. Тиймээс махыг бусад төрийн байгууллага, хөндлөнгийн гэрчийг байлцуулан устгалд оруулж, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийхээр боллоо.

Зүй бусаар хорогдсон дээрх махыг 40 тонны контейнерт хадгалж байсан ба хөлдүү махыг усанд хийж гэсгээсний дараа шулдаг байсан юм. Ийнхүү шулсныхаа дараа худалдаанд бэлтгэн ууталж байжээ.

Одоогийн байдлаар Эмээлт орчимд үйл ажиллагаа эрхэлдэг том жижиг нийлсэн 30 гаруй махны үйлдвэр байна.