Төв цэвэрлэхийн Лаг усгүйжүүлэх байгууламжийн нээлт боллоо. Энэхүү байгууламж нь хоногт 2500 м.куб лаг хүлээн авч усгүйжүүлэх хүчин чадалтай ба нэг минутад 1000-4000 удаа эргэлдэж ус, лагийг тус тусад ялган гаргах зарчмаар ажилладаг байна.

Лагийг хооронд нь барьцалдуулах зорилгоор ПАМ, лагийг уснаас сайн ялгахын тулд ПАК  төрлийн химийн бодис ашиглаж байгаа юм. 

Ингэснээр байгууламжид ирэх илүүдэл лагийн чийглэгийн хэмжээ 99 хувь, түүхий лагийн чийглэгийн хэмжээ 94-96 хувь бөгөөд дээрх хоёр төрлийн лагийг усгүйжүүлсний дараа 70 хувь хүртэл чийглэгтэй болох гэнэ. 

Мөн илүүдэл лагийн хэмжээ 50 дахин, түүхий лагийн хэмжээг 5-8 дахин, үнэрийг мөн төдий хэмжээгээр бууруулах юм. Тухайлбал, 99 хувийн чийгшилтэй нойтон лагийг 70 хувийн чийгшилтэй хуурай лаг болгосноор үнэрийг 9-10 дахин бууруулна гэж тооцоолжээ.

Сонирхуулбал, Хятадын хөнгөлөлттэй зээлээр Төв цэвэрлэх байгууламж шинээр барих ажлыг хэрэгжүүлж байгаа юм. Тус цэвэрлэх байгууламжийг 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.