Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо Мягмар гарагийн орой болох Лос Анжелес Лэйкерс, Лос Анжелес Клипперсийн тоглолтыг хойшлууллаа. Ингэснээр Калифорни мужид болсон нисдэг тэрэгний ослоор амиа алдсан хүмүүст хүндэтгэл үзүүлж байгаа гэнэ.

Уг ослоор алдарт тамирчин Коби Брайант, түүний охин Жианна болон бусад долоон хүн амиа алдсан юм. Нислэгийн удирдлагын төвийн мэдээлснээр нисдэг тэрэг тусгай үзэгдэх орчны дүрмийн дагуу нислэг үйлдэж байжээ.

Уг дүрмийн дагуу үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд нислэг үйлдэж болдог байна. Нисгэгчид хөөрөхөөс өмнө болон нислэгийн явцад уг дүрмийг ашиглах зөвшөөрөл авч болдог юм.

Шинжээчид Ням гарагийн орой ослын газраас гурван цогцос гаргаж авсан ба аюулгүй байдлын үүднээс эрлийн ажиллагааг хойшлуулжээ.

Эх сурвалж: CNN