“V” сэтгүүлийн 2012 оны нэгдүгээр сарын зургааны дугаарт зориулан сэтгүүлч Пол Флинны Америкийн дуучин, ая зохиогч Лана Дел Рейн талаар бичсэн тэмдэглэлийг хүргэж байна.

Цахим ертөнцөд Лана Дел Рейн  “Видео тоглоом” гэх дуу маргааны гал дүрэлзүүлж байлаа.  Харин одоо тэр бидэнд “Үхэх гэж төрсөн” хэмээх дууныхаа түүхийг ний нуугүй дэлгэх гэж байна.

Би 2011 оны нэгэн дүнсгэр зун Ланаг Англид байхад нь уулзаж байв. Түүнтэй анх Лондон хотын Оксфордын гудамжны алдарт "Топшоп" дэлгүүрийн урдах автобусны буудал дээр таарсан юм. Энэ үед түүний мөр шүргэсэн урттай, ер бусын гэмээр 50-аад оны засалттай үсэн дээр бороон дусал ойн бууж, том цагирган ээмэг нь салхинд хийсэн үе үе нүүрэнд нь хүрч байв. Тэр цагаан богино банзал, өндөр өсгийт, Формула-1 уралдааны торгомсог хүрэм өмссөн байлаа. Мэдээж бүгд л түүнийг анзаарсан юм.

Түүнийг бусдаас онцгой гэдгийг гадаад байдлаас нь гадна саяхны нэгэн ярилцлагадаа дурдсан хэд хэдэн зүйл нотолсон билээ. Энэхүү ярилцлага Саймон Ковелийн “Америк мөрөөдөл, Америк сэтгэхүйн зөрүү”-ны талаарх түүний бодол мөн эрчүүдийн анхаарлаас гарахын тулд олны өмнө хуримын бөгжтэй явсан тухай нь байсан юм. Тэр яг л од шиг харагдаж, мэдрэгдэж бас санагдаж байлаа.

Лана Дел Рейтэй хамгийн сүүлд Европ дахь анхны аялан тоглолтоо Германд хийж байхад нь тайзны ард таарсан юм.

Тэр энэ үеэр “Өмнө нь надад дуу бичүүлэх боломж ч олдоггүй байлаа. Гэтэл дөрөвхөн долоо хоногийн дотор л би алдар нэрд хүрчихсэн” гэсэн юм.

Намрын эхэн сард хийсэн түүний анхны аялан тоглолтын автобус хөдлөх үед Лана рекламны гялалзсан нүүр царай, маркетингийн мөрөөдлийн дүр болсон байлаа. Мөн түүний “Видео тоглоом” дууг Голланд, Франц, Их Британи, Германы iTunes-ээс хамгийн олон хүн татсан дуу болсон байв.

Гоо үзэсгэлэн, аюултай хайр дурлал хэрхэн огтолцдог тухай өгүүлдэг энэ дуу түүний 25 нас хүртлээ туулсан амьдрал, шархалсан зүрхний бичээс аж. Энэ нь дуу Ланаг алдарт Нэнси Синатра, Мариани Фэйтфүл нарын хэмжээнд хүргэж Рианна, Кэти Пэрри нарын хүчтэй өрсөлдөгч болгосон юм. Мөн “Видео тоглоом” дууны утга санаа түүний шилдэг уран бүтээлүүд болох “Хөх жинс”,“Үхэх гэж төрсөн” дуунуудтай яв цав тохирдог байна.

Хэтэдсэн авъяас, өвөрмөц харцтай Лана Дел Рей хэмээх үзэсгэлэнт залуу бүсгүй олон нийтийн сүлжээний маргааны шалтаг болж эхлэв. Ланаг тойрсон цуурхалууд түүнийг их тайван хүн гэдгийг харуулж чадсан юм.

Ярилцлагийнхаа үеэр би түүнд Ирландын яруу найрагч Оскар Уайлдын хэлснээс иш татан “Чиний тухай хэн ч ярихгүй байна гэдэг ярианы гол сэдэв байснаас дээр” гэж хэлтэл тэр “Өө үгүй шүү хонгор минь, өмнө нь хэн ч миний талаар ярьдаг байгаагүй учир надад ярианы гол сэдэв байх таалагддаг” гээд эелдгээр буруушаасан юм.

Тэрээр үргэлжлүүлэн “Энэ богинохон хугацаанд миний амьдралд хамгийн ихээр өөрчлөгдсөн зүйл бол одоо надад сонсогчид байгаа. Намайг Гласком, Манчестер, Амстердамд тоглолт хийхээр очиход тэнд цугларсан хүмүүс над руу даллаж байсан. Тоглолтын өмнө тэд надтай хамт зураг даруулахаар хүлээдэг. Зарим нь тасалбарынхаа тасархайг өгөөд гарын үсэг зурахыг хүсч байсан. Тэр хүмүүс намайг харахын тулд үнэтэй тоглолтын тасалбарыг минь худалдан авдаг” гэв.

Өмнө нь түүнтэй уулзахад менежер нь над руу 20-оод дууны интернэт нууц кодтой файл явуулж байсан ч хожим нь устгагдчихсан. Надад түүний уран цэцэн хип хоп маягийн сүүл холболтыг 80-аад оны эхэн үеийн классик үгстэй хослуулан дээд ба доод зиндааны соёлыг зэрэг тусгадаг нь таалагддаг.

Бид Лондоны автобусны зогсоолд салах ёс хийх үеэр тэр хоёр өдрийн дараа түүнтэй хамтарч ажиллахыг хүссэн нэртэй хип хоп продюсертой уулзахаар Лос Анжелис руу нисэх гэж байгаагаа хэлж байсан.

Харин тэр Германд байхдаа “Би хөгжмөө гэр бүлээ гэж үздэг. "Хэмнэл" гэдэг найз залуу маань хөгжмийн хэмнэлийг хариуцаж "Чавхдас" гэдэг залуу маань хөгжмийн найруулгыг хийдэг” гэв. Энэ бол одоогийн бас ирээдүйн поп од Лана Дел Рейгийн хэн нэгэн хөдөлмөрч сүйт залуугийн тухай биш. Тэрээр хэрхэн алдар нэрд хүрсэн бэ гэдэг асуултад “Би үнэхээр сайн дуу гаргасан” гэж хариулсан юм.

Эх сурвалж: V magazine