Хятадын Шеньжень хотод энэ сарын хоёронд Латин бүжгийн формэйшн тэмцээн болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд Германы Grun Gold хамтлагт бүжиглэдэг Н.Онондарь оролцож, дэлхийн аварга болсон байна. Мөн манай улсаас Star Dance, Moon Dance хамтлагийнхан оролцжээ.

Тэрээр өдгөө 21 настай бөгөөд Германд Спортын сэтгэл судлал мэргэжлээр суралцдаг байна. Н.Онондарь зургаан жилийн өмнө Бремений дэлхийн аваргад Монголын Стар хамтлагтайгаа оролцож байжээ.

Тэрээр тухайн үед одоогийн Германы Grun Gold хамтлагийг харж, уг хамтлагт бүжиглэх мөрөөдөлтэй болсон гэнэ. Харин мөрөөдөл нь ийнхүү биелж байгаад итгэхийн аргагүй баяртай байна гэдгээ тэрээр цахим хуудастаа илэрхийлжээ.

Ийнхүү Н.Онондарь латин бүжгийн төрлөөр дэлхийн медалийг энгэртээ зүүсэн анхны Монгол бүжигчин болж байна.