Хүний эрхийн үндэсний комисс, Нээлттэй нийгэм форум ТББ-тай хамтран ЛГБТИ хүмүүсийн эрх ба Эрүүгийн эрх зүйн орчин өглөөний уулзалт зохион байгууллаа. Уулзалтын зочин илтгэгчээр ЛГБТ төв ТББ-ын эрх зүйн хөтөлбөрийн менежер А.Балдангомбо, НЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Баярбаясгалан оролцсон байна.

ЛГБТ төв Хүний эрхийн үндэсний комиссын захиалгаар Монгол дахь ЛГБТИ хүмүүсийн эрхийн хэрэгжилт, нөхцөл байдлын судалгааг 2013 оноос хойш хийж байгаа юм. Хамгийн сүүлд хийгдсэн судалгаагаар бэлгийн цөөнх хүмүүст ирэх дарамт шахалт 2013 оноос харьцангуй буурсан үзүүлэлттэй гарчээ.

Тухайлбал, Монголын нийгэм ЛГБТ хүмүүсийг хэр хүлээн зөвшөөрдөг вэ? гэх асуултад 41.4 хувь нь “ялгаварлан гадуурхалтад өртөж байгаагүй” гэж хариулсан байна. Гэвч үг хэлээр доромжлох, гудамжинд алхаж яваад зодуулах, тоглоомоор хандлагаа мэдрүүлэх, үйлчлэхээс татгалзах, бусдаас илүүд үзэх зэрэг үзэгдэл байсаар байгаа гэдгийг мэргэжилтнүүд хэллээ.  

Ялангуяа үл таних хүмүүс ялгаварлан гадуурхах хандлагыг түлхүү гаргадаг нь судалгаагаар тогтоогдсон байна. Иймээс ЛГБТ хүмүүс бэлгийн болон хүйсийн чиг баримжаагаа бусдад мэдэгдэх нь эрсдэлтэй хэвээр байгаа гэнэ.

Жишээ нь эрүүлжүүлэх байранд саатуулагдсан трансжендэр эмэгтэйд эрэгтэй цагдаа үзлэг хийж, бие эрхтэнд нь зөвшөөрөлгүй гар хүрч байсан талаар Хүний эрхийн үндэсний комисс дурдлаа.

Харин сүүлийн үед цагдаагийн байгууллагын албан хаагчдын хандлага, хүний эрхийн ойлголт мэдлэгт анхаарал хандуулж, энэ талаар сургалтууд зохион байгуулснаар нөхцөл байдал сайжирч, тус төвөөс мэдээлэл, зөвлөгөө авах чиглэлээр хамтран ажиллах болсон гэв.

Ийнхүү уулзалтын төгсгөлд ЛГБТ төвтэй хамтран ажиллаж, цаашид хүний эрхийн чиглэлээр нэгдэж хамтран ажиллахаар боллоо. Тухайлбал эмч, эмнэлгийн ажилтнуудын харилцаа хандлагын тандалт судалгааг хамтран явуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бэлгийн болон хүйсийн чиг баримжааны асуудлыг хөндөх, ялгаварлалтыг таслан зогсоох зэрэг бодит ажлыг хамтран хийхээр хэлэлцлээ.