Испаний Барселона багийн довтлогч Лионель Месси энэ жилийн шилдэг тоглогчийн шагнал болох Алтан бөмбөг цомыг хүртлээ. Энэ нь түүний зургаа дахь Алтан бөмбөг юм. Месси тус шагналын төлөө Ювентус клубын довтлогч Кристиан Роналдо, Ливерпүлийн хамгаалагч Виржил ван Дейк зэрэг шилдгүүдтэй өрсөлджээ. 

Месси анх 2009 онд Алтан бөмбөгийг хүртэж байсан ба 2015 оноос хойш дахиж ялаагүй юм. Харин энэ жил дахин хүртсэнээр мөнхийн өрсөлдөгч Роналдогоос нэг цомоор илүү болж байна. 

Энэ жил 32 настай Аргентин тоглогч Месси энэ жил гурван улирал дараалан Европын хамгийн олон гоол оруулсан тоглогч болсон ба Ла Лигт 10 дахь удаагаа түрүүлсэн амжилт үзүүлсэн юм. Улмаар тэрээр өнгөрсөн есдүгээр сард FIFA-ын шилдэг тоглогчийн шагналыг хүртжээ. 

Олон хүн Ван Дейкийг 13 жилийн дараа Алтан бөмбөг хүртэх анхны хамгаалагч болно гэж найдаж байсан юм. Тэрээр өнгөрсөн улиралд Аваргуудын лигт түрүүлснээр Европын хөлбөмбөгийн холбооны Оны шилдэг тоглогчоор шалгарсан байна. 

Өнгөрсөн жил Реал Мадрид клубын тоглогч Лука Модрич Алтан бөмбөг хүртсэн ба энэ нь 2007 оноос хойш Месси, Роналдо хоёроос өөр тамирчин уг шагналыг хүртсэн анхны тохиолдол болжээ. 

Эх сурвалж: CNN, Forbes