Засгийн газрын хуралдаанаар Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нарыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргалаа. Учир нь тэдний эзэмшдэг компаниуд ЖДҮ-г хөгжүүлэх сангаас зээл авсан байна.

Тодруулбал, Ш.Лхамсүрэнгийн хувьцаа эзэмшдэг Дархан мах корпораци ХХК нь тус сангаас 2017 онд 450 сая төгрөгийн зээл авсан байгаа юм. Харин Ц.Ням-Осорын эзэмшлийн Хос эрхэс ХХК 500 сая төгрөгийн зээл авчээ.

ЖДҮ-н зээлтэй холбоотой асуудал нийгэмд асар их бухимдал төрүүлж, зээл авсан гишүүдийг огцруулахыг шаардсан жагсаал хэд хэдэн удаа болсон юм. Гэвч ерөнхий сайд У.Хүрэлсүх хууль шүүхийн байгууллага шалгаж дуустал хариуцлага тооцох боломжгүй гэсэн байна.

Үүнээс улбаалан УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын 37 гишүүн ЖДҮ-н зээл завшигчиддаа хариуцлага тооцож чаддаггүй Засгийн газар огцор гэх албан бичгийг энэ сарын 19-нд УИХ-д өргөн барьсан юм.

Засгийн газрыг огцруулах асуудлыг 20 хоногийн дотор шийдвэрлэх хуулийн заалттай бөгөөд чуулганаар хэлэлцэн ⅔ нь дэмжсэн тохиолдолд Засгийн газар огцорно.