Хятадын Ниньбо хотноо энэ сарын 20-28 -нд хүндийг өргөлтийн эрэгтэйчүүдийн 48, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн ААШТ болж өндөрлөлөө.

Ази тивийн аваргад 28 орны 220 гаруй тамирчид оролцсоноос Монголын шигшээ багийн эрэгтэй нэг, эмэгтэй зургаан тамирчин өрсөлдсөн байна.

Үүнээс эмэгтэйчүүдийн 81 кг-д өрсөлдсөн, дэлхийн аваргын хүрэл медальт М.Анхцэцэг огцом өргөлтөөр 93 кг, түлхэлттэй өргөлтөөр 113 кг өргөж тус бүр хүрэл медаль, нийлбэр дүнгээр мөнгөн медаль хүртэж, Азийн аваргаас гурван медальтай ирлээ.

М.Анхцэцэг нь гэр бүл зохиож, үрийн зулай үнэрлээд жил болоогүй байгаа ч ийнхүү дэвжээндээ бахдам амжилттайгаар эргэн ирсэн байна. Тэрээр Монголын хүндийн өргөлтийн ДАШТ-ий анхны медальтан, Оюутны болон залуучуудын дэлхийн аварга, Азийн тивийн аварга зэрэг олон амжилтын эзэн юм.

Түүнчлэн хүндийн өргөлтийн Токио -2020 олимпын эрхийн оноог энэ тэмцээнээс эхлэн олгож эхэлж байгаа юм.

Дашрамд дурдахад, Токиогийн олимпод оролцох анхны эрхийг манай улсаас Ц.Анударь 10 метрийн хийн гар бууны төрлөөр, хоёр дахь эрхийг эрэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн төрөлд ОУХМ Э.Даваахүү нар аваад байна.